Х.Эрдэмбилэг : Эндүүрэл
Хавсарга тавьсан хаврын нэг өдөр говийн нэгэн айлын гадаа гандуу улаан дээл хөөргөж өмсөөд, орос цэргийн танкны хар малгай толгойдоо хазгай тохон, бакaлаа гармошиглаж угласан тавь гаран насны, өндөр, туранхай нутгийн эр бор мориноос буулаа. Энэ эрийг агсам Балдан гэнэ. Агсам Балдан зартай атман явсан бөгөөд одоо ч архи уухаараа агсан тавилгүй айлаас гарна гэсэн ёсгүй. Нохой боргохыг тоолгүй утаа суунагласан гэр лүү шууд алхсан Балдан
-Үгүй чи нусаа битгий татаад бай, сайн нийгээд арчаач гэж Хандмаа авгай зээ охиноо загнаж байхад босго давж таарав. Гэрт зуухан дээр цай буцлан, цаана нь санчигны үс нь цайрсан, хар хөх өнгийн даавуун тэрлэгтэй Хандмаа, есөн насны хоёр салаа гэзэгтэй шар зээ охинтойгоо ширээн дээрх дэлгэсэн сонин дээр банш чимхэн тавина. Гэрийн хойморт Сүхбаатар, Ленин хоёр гар барилцаж буй жаазтай зургийг налуу өлгөж, доор нь модон авдар дээр байрлах эвхдэг толины баруун, зүүн жигүүрийн буланд Цэдэнбал, Брежнев нарын жижиг зургуудыг тус бүр хавчуулсан нь улс төрийн өндөр мэдлэгтэй айл болохыг харуулна. Галын баруун талд төмөр цагаан орон дээр үстэй дээл нөмөрсөн нэлээн урт залуу хөлөө нугалан, нуруугаа харуулан унтахыг хараад Балдан “Хотоос ирсэн хүү нь мөн байна” гэж бодон олзтой яваадаа баясав. Мөн цагаан орны урд хэлд арай ороогүй ач хүү нь адсаган дээр алаг бөмбөгөөр зугаацан их л томоотой сууна.
Нэг нутаг усанд өдий хүртэл амьдарсан Балдан, Хандмаа хоёр мэнд мэдэхдээ ёс, сүр ч болсонгүй. Хар багаасаа л Балданд дээрэлхүүлж, үс гэзэгнээсээ татуулж, мөн улаан булангийн харанхуй мухарт буландуулж явснаас ч тэр үү Хандмаа гуай Балданг харахлаараа л дуу намсдагаа өөрөө ч анзаардаггүй. Ноднин өвгөнийг нь нас барахад Балдан сайн тусалж, хот хөдөөтэй хэл ам авалцуулсан учир эднийд ирэхдээ нүүр бардам тэрээр хэзээ язааны аятай угаалтуурын хажуунаас намхан сандал авч галын зүүн талын модон орны өмнө тавьж суугаад малгайгаа өвдгөн дээрээ, гаансаа гутлын түрүүнээс, дугуй төмөр хайрцагтай тамхиа өврөөсөө гарган тамхи татахаар зэхэхдээ үг унагасангүй. Харин шүдэнз зурч тамхиа асаан сайтар уушиглаад утаагаа жавьжаараа үүд рүү аажуу үлээн гаргангаа
-Бага хүү чинь ирээ юү хө гэж асуулаа. Балданг эрүүл гэдгийг дууных нь өнгөнөөс баттай мэдсэн Хандмаа
-Өчигдөр шөнө явуулын машинаар ирлээ гээд баншаа боргилон дэвэрч буй цай руу хийв. Мэдье гэснээ мэдсэн Балдан, өвдгөн дээрээ тохсон хөлстэй хар малгайгаа авч хойдох орныхоо дэрний хажууд тавьчихаад, дээлийнхээ энгэрийг задгайлан аажуу тайван тамхиа татаж дуусгав. Гадаа зэврүү хүйтэнг ч хэлэх үү, дулаан гэрт ингээд л суугаад байвал тэрээр суугаад л байх аж. Шороон шуурга гэнэт гэр шавхуурдах, соосгор охин нусаа огцом татах, Хандмаа хаяа цайгаа самрах, ач нь амандаа бувтнах, залуу хүү сонсогдох төдий хурхирах сэтгэлд нь таатай хөг үүсгэж бүдэг бадаг дурсамжинд Балдан автан зүүрмэглэж эхлэв...
Соосгор охин банштай цай өмнө нь барин
-Та цай уу гэхэд Балдан нүдээ нээж, хоолойгоо засангаа аягыг аажуу аваад, эсрэг талд орон дээр суун банштай цай ууж буй хотоос ирсэн хүүг харснаа
- Аа гөөмөн, хүйтэй өвөл боллоо шүү гэж огт хамаагүй шахам зүйл хэлэв.
-Тиймээ гэж Хандмаа үгийг нь дагуулав хариулав. Гэнэт одоо л сэрэв үү гэмээр огцом тод дуугаар Балдан
-За дүү хүү хот газрын сонин юу байна, сансарт хүн ниссэн үү гэж Хандмаагийн хүүгээс мэдэмхийрэн асуулаа. Агсам Балданг таньдаг залуу
-Сар гаруйн өмнө нисчихсэн ээ гээд илүү юу ч хэлсэнгүй. Балдан ч дахиж юм ч асуусангүй, халуун цайгаа ширээн дээр тавингаа сандлаа ойртуулав. Бүгд л шор шорхийтэл уур савссан халуун цай оочин банш идэж, хөлс нь бурзайн, улаа бутран сууцгаана.
Банштай цай ууцгаасны дараа Балдан гаансаа сорон дуугүй сууж, хотын залуу үстэй дээлээ нөмрөн эргээд хэвтэж, зээ охин нь дүүгээ унтуулахаар Балдангийн арын орон дээр бүүвэйлж байв. Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёхоор том нүдний шилээ зүүсний дараа
-Хүү сая хотоос авчирсан юм. Чигтэйхэн сэнгэсэн эд бай лээ, та амсаад үз дээ гээд төмөр цагаан орны доороос бор шилтэй юм гаргахад Балдан ийм л жамтай мэт
-Өө за гээд лонхыг авгайгаар онгойлгууж, банштай цай уусан аягаа дээлнийхээ дотуур хормойгоор арчаад өөдөөс нь сарвайн дүүргүүлж авснаа “Хатуу бөглөөтэй, хатуу л эд байх даа” гэж дотроо таан ядам хуруугаа дүрэн дээш гурав нясалж духандаа хүргээд, Хандмаа чамтай өөр ярих зүйлгүй гэсэн аятай тооно өөд харч утаа баагиулан эрхэмсэг суув. “Энэ зөнөгийн дүвчигнэж байгааг” гэж бодсон Хандмаа түүнд юм хэлсэн ч үгүй, тоосон ч үгүй, зөнд нь орхив. Гадаа шороо шуурсаар л...
Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёж, хүү нь түрүүчийн адил яльгүй хурхиран, харин зээ охин нь дүүгээ унтуулах гэж байгаад өөрөө ч унтчихжээ. Балдан хамар шахруулсан хотын идээг ганцаар хүртэхдээ улам л намба үзүүлж хаяа хоолойгоо засан лаглайн сууна. Лонхтой архи нь хөнгөрөхөд агсан тавилгүй бол нэрэнд муу гэж үздэг Балдан “Нутгийн ахыг хүндэлдэггүй чи юу юм бэ... муу ижийгээ өрөвдөхгүй” гэх мэт үгс дотроо бэлдэв. Уг нь ч агснаараа алдартай түүнд бол агсан тавих үгс ганц, хоёр хундагын дараа урсаад л ороод ирдэг юмсан. Гэтэл өнөөдөр шил шахам архи ганцаар гударчихаад байхад нэг л үг олширдоггүй. Элдвийг ийнхүү бодож суусан Балдан-огцом босож багана өшиглөөд авав. Золтой л хуруугаа хатгачихаагүй юм оёж суусан Хандмаа цочиж
-Та чинь яаж байнаа гэж гайхан асуув.
-Агсан тавьж байна
-Үгүй эрүүл л явах шиг байсан шүү дээ. Эрүүлдээ агсан тавьдаг болоо юу даа
-Эрүүл орж ирсэн, одоо бол согтож байна. Яасан задарсан тархи вэ, энэ. Нутгийн ахтайгаа золгох ч үгүй хэмээн аяганд үлдсэнээ хөнтөрчихөөд үүдний хажуу дахь дөчийн бидон руу аягаа чулуудан хагалж, унтаж байсан ач хүүг цочоон сэрээж баруун хаяа руу давшлав. Хамаг учрыг түргэн ухаарсан Хандмаа түүний урдуур орон ачынхаа уйлаантай зэрэгцэн
-Таны уусан чинь архи биш ундаа. Хүү сая хотоос хоёр авдрыг авчирсан байна лээ. Сансар гэдэг жимсны ундаа, худлаа гэвэл тэр хар! Mанай ач ууж байна гэлээ. Нээрээ эргээд хартал шар охин дүүгээ аргадан аманд нь өөрийнх нь ёс төртэй амсаж суусан лонхтой зүйлийг хийж байв. Гэв гэнэт архи биш ундаа гэсэн баталгаа үнэмшилтэй санагдахад Балдан
-Даанч тийм байх аа, нэг л агсарч болмооргүй байсан юм гэж үг алдснаа Хандмаагийн гайхшрал доог болох янзтайг нүүрнийх нь байдлаас мэдэрч, хотын хүү тоглож
-Балдан гуай, та яаж байна хэмээн хэлэх шиг болоход Балдан нүүрээ буруулан
-Ундаа уулгана гэнээ гэж нэг заналтай зандарчихаад баруун баганыг нь бас нэг өшиглөн танкны малгайгаа ч авалгүй гэрээс гарав. Гадаа гараад Балдан сүүдрээ харан мориныхоо зүг явахдаа албаар зүүн баруун тийш нэг найган үзсэнээ толгойгоо сэгсэрч шүлсээ нэг хүчтэй хаяад улам хурдан, том том цааш алхлаа...
Балдан танкны хар малгайгаа эргэж ирж авсангүй. Залуугаасаа салаагүй хар малгай нь гэрт гадаа, энд тэнд үзэгдсээр адаг сүүлд нь эзнээ хүлээсэн мэт малын саравчнаас өлгөгдөн салхи, бороонд цохиулан, шороо шуурганд савчин сэмэрсээр, нэг мэдэхэд салхинд туугдан алга болжээ.
Х.Эрдэмбилэг