Улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийлээ.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан хэлэхдээ "Төсөв хэлэлцэж байна гэж бужигнаж байгаад хориг тавиулчихсан. Төр засаг нь яая гэж байхад намын хууль нь орж ирэх юм гэнэ. Дандаа далимдуулж, аливааг шийдэх арга замтай юм билээ. Гудамжинд байгаа намууд хэнд, ямар муу зүйл хийсэн юм бэ? Нийгмийн болох болохгүйг л шүүмжилж ярьдаг байх. Мэдээж, юм ярина гэдэг улс төрийн соёл эзэмшихийг хэлж байгаа юм. Улс төр хийнэ гэдэг бол бусдыг дайран гүжирдэж, доромжлох биш. Тиймээс бид Улс төрийн намын тухай хуулийг нэг, хоёр жилээр ч хамаагүй хойшлуулаад, тэр хугацаанд хуулийг хэлэлцье гэж байгаа хэрэг. Түүнээс биш хам хум шийдээд, үндсэндээ бид нарыг нам биш болгох нь л дээ. Бүгдийг нь байхгүй болгох нь. Энэ явуургүй заль мэхийг мэдэж байна. Тиймээс хуулийг хойшлуулахын төлөө ажиллана. Бидэнтэй зууралдаж, биднийг хэн ч биш болгоно гэж бодохын оронд наад төсвөө аштайхан хэлэлцэж шийд. Ялангуяа АН дандаа ингэдэг, ардчилал гэж яриад, ардчиллаа дандаа хутгалдаг.
Бид бол хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, арван цаасаа хасаж байж улс төрийн ажлаа явуулдаг юм" гэв.
М.Жаргал