“Болор цом-34” яруу найргийн наадам өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн төв Чойбалсанд болсон билээ. Тус наадамд Б.Батсайхан түрүүлсэн бол аман хүзүүнд “Болор цом”-ын эзэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очир шалгарсан юм. Харин удаах байруудыг Ч.Ууганбаяр, М.Уянсүх, Б.Гансүрэн нар эзэлсэн юм.
Ийнхүү яруу найрагч М.Уянсүхийн сүүлчийн даваанд уншсан шүлгийг уншигч танаа хүргэе.
Ирж буцахын зааг дээр бичсэн тонгорог ирт шүлэг
Тэнгэртэй төрсөн нь тэнгэр болдоггүй
Тэнгэрийн хуулийг тэнэгүүд сөрдөггүй
Ухаантай төрсөн нь ухаанаа гээдэггүй
Ухаантны зовлон тэнэгт байдаггүй
Инээд шиг эмгэнэл инээдэнд ханадаггүй
Нулимс шиг хагацал нулимсанд цаддаггүй
Хэдийдсэн хорвоо хэнээс ч айдаггүй
Хатуудсан тавилан хаадыг ч тойрдоггүй
Мэдрэлийн эмчийн надад зөвлөсөн
Мэдээжийн жорыг би уухгүй
Хор өгсөн ч асууж лавлахгүй
Хожмын үнэнийг бусдаас нуухгүй
Түймэр шиг шатсан нуранги орчлонг
Түйвээх самууныг би өдөөсөн
Өдөөсөн тэр л түймрийн галд
Өөрөө шатах хөгжүүн тавилантай
Үлэмжийн гунигт энэ л зовлонг
Үхлээр сольж…би хэнэггүй инээнэ
Үзэсгэлэнт охид нь эмгэд болоход
Үснийх нь ширхэгээр шүлэг бичнэ.
Сэтгэгдэл (1)