Гэнэтхэн Юсуф султаны мянгатууд хамгаалж байх учиртай зүүн жигүүрийн наагуур хөмөглөн халхалсан намхан дэнж дээгүүр саран сүлд сэрэлзүүлсэн морьтнууд бүрхэн гарч ирэв. Ар араасаа эцэс төгсгөлгүй цутган хөвөрсөөр буй тэдгээр морьтнуудын манлайд гил хүрэн хүлэгтэй, өндөр мөрөвчтэй давтмал ялтсан хуяг агссан махигар эр илд хуруйлан эргүүлсээр шунган давхих нь лавтай өнөөх бахричуудын тэргүүн Бундуктар аж. Чухам монгол, түрэг цустнууд л тийнхүү илдээ хуруйлах билээ. Түүний ард шар дэвсгэрт арслан сүлд нь тодхон харагдана. Тэгэхээр энэ цутган асгах морьтнууд бол Юсуф султаны хамгаалалт сэтлэн гарч ирсэн цохилтын цомхон анги биш, харин цөс ихт бахричууд голлосон Кутузын баруун жигүүрийн түмт бүтнээр болох нь. Бундуктар өдрийн Яамух Буурын довтолгоонд яйртал цохиулсан Кутузын баруун жигүүрийг аваад арагш хол шидэгдэн, тулааны талбараас гарсан билээ. Гэтэл өнөө гэнэт зүүн жигүүрээр хамгаалалт үгүй хоосон цулгуй газаар ирж буй мэт ийн хормын зуурт давхин гарч ирэх нь юуны учир билээ.
Тулааны талбарыг ажиглан Назарын өндөрлөгт зогссон Хитбух ноёнтон болон түүний нөөцөнд үлдсэн хэдхэн зуутынхан үүнийг үзээд ихэд гайхан цочирдов.
Саран сүлдэтнүүдийг тийн гарч ирэхтэй зэрэгцэн дэнжийн хойт үзүүр нийлэх Голиом уулыг бэллэн мөн хоёр морьтон цувралдан гарч ирлээ. Цогин ядаж буйг нь үзвээс морьд нь ихэд сульджээ. Тийн атал тэдний араас хорь гучин морьтон сүүл даран нэхэн гарч ирэх нь тэр. Нэхэгчдийн морьд хурдан, нэн даруй гүйцэх янзтай. Өнөөх хоёрын түрүүнд яваа нь дуулгагүй халзан толгой гялалзуулан, мориныхоо дэлэнд наалдаад, хүзүүг тэврэн явах агаад нуруунд нь зоогдсон хоёр сум гозолзон үзэгдэв. Шархтайгаа хамгаалан дагах нөгөөгийнх нь дуулганы оройд улаан соновтор зурвас харагдах нь лавтай Хөх тугийн монгол зуутан болов. Дуулгатан гэнэтхэн эргэж сум тавьсанд дөхөж явсан өндөр цагаан чалматай түрэг дайчин эмээлээсээ ховх үсрэн тэртээ хойно чулуудагдав. Чухам аймшигт ац зэвээр аянга мэт тийн харваж чадах нь Юсуф султантай хамт зүүн жигүүрийг хамгаалан байсан тавьт цэргийн ахлаач Хүрэлхү хошууч л билээ.
Хитбух ноётны зүүн талд зогсох Үлэмж мэргэн зүүн гараа дохих төдий Ажираа аравтан тэднийг тосохоор ухасхийлээ. Гэвч тэднийг хүрэхээс өмнө Хүрэлхү хошуучын хүлэг хөл алдан таварцаглан унав. Араас нь нэхэгчид завсар чөлөөгүй сум тавьцгааж байсан тул суманд оногдоо биз ээ. Хүрэлхү таварцаглаж буй мориноосоо жолоо хаян хөл дээрээ гүйлгэн буухад улаан соновторт нуман хөмсөгт болд дуулга нь сайр чулуунд хангинан дуугарсаар тэртээ холд өнхрөв. Тэгээд илдээ сугалаад хоёр гартаа бат атган баруун мөрөн дээрээ бариад, араас нь хошууран ойртож буй бахричуудын өөдөөс бөгтийн гүйлээ. Түрүүчийн морьтон мориныхоо буруу тал руу налан цавчсанд Хүрэлхү ноёнтон гэнэтхэн татсан нумын хөвч мэт гэдэсхийн цавчилт өнгөрөөх зууртаа мориных нь хөлийг нарийн шилбээр нь хянгардаж орхив. Ийн морины хөл хянгардахыг монголчууд тун амь тулсан, гарцаагүй эрс хэцүү үед л хэрэглэх билээ. Залгаж ирсэн хоёр морьтон баруун зүүгээр нь зэрэгцэн орж, түүний араас бас нэгэн урт жад сунган ирэхэд Хүрэлхү ноёнтон баруун талынхаа морьтны цавчилтыг дотроос нь өлж цохин, зүүнээс буух илдний ир дор хаалт тавьж өнгөрөөгөөд тулж ирсэн жадан дээгүүр “жад өнхрүүлөх” мэхээр гарч, жадаа даган бөгтийж явсан лал жадтаны ил гарсан шанаа хүзүү дагуулан эгэм рүү нь илднийхээ тэхий дунд ортол бүлж орхилоо. Тэгээд түүний морины хондлойгоор нуруугаараа эргэн буух завсраа илдээ далайсан нэгэн морьтны улаан суга руу тийрсэнд, лал дайчин илдээ ч буулгаж амжилгүй эвхрэн хийсэж буй нь харагдлаа. Төдөлгүй хорь гучин морьтон Хүрэлхү ноёнтныг нөмрөн авч, илд жад гозолзон, тоос манараад, хэрхэн тэмцэлдэж буй нь үзэгдэхгүй болоод явчихсанд баатар зоригт эрийнхээ бахтай сайхан тулааныг бахархан харж, дуу алдан эмээл дээрээ өндөлзөж байсан өндөрлөгийнхөн нам чимээгүй болж, хэрхэхийг зүрх түгшин хүлээлээ.
Ажираа аравтнаас нэг нь салаад түрүүлж явсан шархтныг тосон цулбуурдан эргэхэд бусад нь шуудхан өнгөрч илдээ хуруйлан шуугин давхилдсанд бөөгнөн бужигнаж буй олон бахри лалууд орилолдон ум хумгүй зугтацгаалаа. Тэгэхүй саях бачим тулааны ор мөр ил гарч, лавтай долоо найман хүн гулдайн үлдээд, Бэсүдийн цоглог хөвүүн Хүрэлхү хошууч хөл дээрээ илдээ атган торойтол зогсож эс харагдсанд өндөрлөгт харан зогсогсод бүгдээр харуусан шүүрс алдаж, гашуудан гашуудан халаглацгаав.
Хитбух ноёнтны нүдэнд Хүрэлхүгийн сэргэлэн цовоо нүд, үргэлжийн хошигнож, ёжтойгоор мушилзан байдаг хүүхдэрхүү царай нь харагдах шиг болсонд зүрхээр нь ширхийтэл хатган, дотор нь харанхуйлав.
- Ай халаг, ай халаг гэж... Хүү минь, Хөх тугийн их цэрэг эр минь. Ай халаг гэж, мянган дайчнаар ч солимгүй сортоо төгс дайчин минь. Яруу алдраа гүйцээж чадсангүй еэ. Даанчиг залуухан чи минь хэмээн гаслан гаслан өгүүлэв.
Хүрэлхү хошууч хорь дөнгөж гарч буй ч Хошууч хэмээх эрхэм алдраа Хүлэг хаанаас өргөгдсөн, аюулт хорон Уулын өвгөний бэрх хэцүү ичээ Аламут цайзын араар хаших өндөр сүрлэг хадат хэрмийн дээрээс гурван залуу дайчны хамт 70 алд аргамж залган буугаад, гэнэтхэн араас нь довтолж сандарган, хадан хаалганых нь оньсыг мулт цохиж чадсан, Багдад балгадыг довтолход баруун дүүрэгт нь хамгаас түрүүнд хүрээд гал тавьж бужигнуулсан авхаалж самбаа, эр зориг төгс, хожмоо хол ойрд алдраа дуурсгах их баатар эр болох нь гарцаагүй элдэвтэй шалмаг идэр залуу баатар билээ.
Энэ зуур тэртээ дор дэнж дээр Бундуктар хүрэн халзан морио эргэцүүлэн, илдээ занган захирамжилж, цэрэг ангиа хоёр хуваан давшуулсанд их хэсэг нь болох нэгэн түмтийг Кутузын зүүн жигүүрийг хумин, төврүү нь сүрэг хонь хашаанд хаших мэт бөөгнүүлэн шахаж буй Байдар ноёны мянгатуудын араас ухасхийлдэв. Харин Бундуктар өөрөө нэгэн мянгат илүү цэрэг дагуулан, Хитбух ноёны хараа их Хөх туг намиран буй Назарын өндөрлөгийн зүүн бэл өөд эргэв.
Хитбух ноёнтон хөмсгөө нумруулан, хөмхийгөө зуугаад, дэргэдээ байсан Начин баатарыг Байдар ноёны араас довтолгон буй бахричуудын түмтийг хажуугаас нь таслан хирчүүлэхээр довтлуулав. Начин баатар илдээ сугалаад “Тэрсүүд муусайн боолуудыг тэнгэрийн хүчээр ниргэсүгэй” хэмээн барим бүдүүн дуугаар бархирч, тэмээн бөмбөр нижигнүүлэн гурван зуутаа аван баруун налуу уруудан пижигнүүлэн тоосруулан буулаа. Тэд мянга мянгаараа довтолгон буй дайсны сүргийн хажуу хавирганаас сүрэг хонинд довтолгох хөх чоно мэт хүзүү сунган, эрээн хавиргат ятуун сүрэгт довтолгох эдлэг шонхор мэт жигүүр хумбин шунган дайрцгаалаа.
***
Нуруундаа сум зоолгосон нүцгэн толгойт эрийн сульдсан морийг хөтөлсөөр Ажираа аравтан цэрэг цогиулан ирэхэд дөрвөн цэрэг явгалан тосож, шархдсан эрийг эвлэн өргөж мориноос нь буулгаад мөрөндөө өргөн Хитбух ноёны өмнө хүргэв. Тэр бол Хонгирадын Элдэрдээ баатар байлаа. Баруун гартаа бат атгасан илднийх нь үзүүр газар зуран чирэгдэнэ. Тэрбээр Юсуф султаны хамт зүүн жигүүрийн цэргийг засалцаж байсан хэрэг. Хитбух энэхүү энэ мулзан толгойт бахим чийрэг эртэй хар багаас ижилсэж, олон ч бахтай сайхан ялалт дагуулсан дайн тулаанд мөр зэрэгцэн явсансан. Хитбух ноён мориноосоо үсрэн бууж, дуу алдан толгойг нь түшин авсанд Элдэрдээ баатар нүдээ нээв.
- Хит...бух, анд минь .... чи .... юу? Үгээ зөөж ядан өгүүлнэ. Хэлэх бүр завжнаас нь нөжирсөн цус бялдан гарч байлаа...
- Элдэрдээ, Анд минь. Даанчиг яавдаа.
Харцнаас чинь
Харьтны илд
Халирч далийгаад
Хальт тусдаг биш үү?
Эрэмгий зоригоос чинь
Эрчлэн ирэх сум
Эмээн халираад
Эвхрэн нугарч
Эгц өмнө чинь унадаг биш үү? Юу болох нь энэ билээ?
- Хитбух, анд минь чи сонс, ... Адгийн муу урвагч ноход л араас хутга шаадаг шүү дээ. Түүнээс Элдэрдээ би өврөөсөө хэрхэн сум зоолгох билээ. Юсуф ... Юсуф муу адгийн шарваач жингэр юм. Түү... нийг султан гэж үүнээс хойш бүү дуудтугай. Урваач, шарваачид зөвхөн муу нохойн нэр, муу нохойн үхэл зохино. Юсуф муу нохой... Бундуктарт урваж, цэргээ аван биднийг эргэж бүчин дайрав. Бэсүдийн Хүрэлхү хөвүүн, Жалайрын Самух өрлөг, бас Жалайрын Бужиндай бид тэр муу нохойн толгойг тасдан, Хөх Тэнгэрийн шүүлэг хийсүгэй хэмээн довтолсон ч тооны олонд бүчүүлж эс чадав. Тэнд байсан Хөх тугийн тавин эрс бүгд эр баатрын ёсоор илдээ тавилгүй цавчилдаж, муу нохдын сүргээс лавтай таван зууг тонилгож, лалын орных нь тамд таатай сайхан илгээлээ. Тэдний яруу алдрыг тэнгэрт ямагт дуурсгаж явах болтугай. Гэвч муу нохос цавчиж үл дуусах бөлгөө. Өнөө Юсуф муу нохойн гөлөг гурван мянган өлөн жингэрээ дагуулаад Бундуктарын ар сүүдэрт очиж хоргодов гээд түр амсхийв.
Хитбух баривгар хуруутай бахим гараараа Элдэрдээ баатарын толигор нүцгэн духыг нь илбэнэ.
- Хитбух, чи сонс. Чам лугаа...., Хитбух хэмээх энэ ертөнцийн нэгэн их баатар эртэй мөр зэрэгцэн, ертөнцийн харанхуйг илдний ирээр ярсаар энэ алс Ливаны наран шингэх хязгаар хүртэл давхилдсандаа Хонгирадын Дүүрэн сэцэний хүү Элдэрдээ би хувь заяа, тэнгэр бурхандаа мянгантаа талархаж явдаг билээ. Түүнээ өнөө чамд амжиж хэлэх гэж ирэв. Сэтгэл минь тэр билээ...
Хоолойг нь нөжирсөн цус бөглөхөд хахаж цацан хэсэг гацав. Тэгээд гүн амьсгаа аваад,
- Хитбух, баатар дайчин анд минь. Өчүүхэн миний сүнс Монголын их тал нутагтаа эргэж төрөөд, эрх таваараа исгэрэн дуулж явах болтугай хэмээн чи намайг ерөөсүгэй. Чи санаж байна уу? Арван гуравтай хөвүүд бид Их Хянганы хяраас Улзын урд ухаа хүртэл мянга мянган хүлэг агтас туугаад их талын нүд алдам уудмыг туулан давхиулж, дарвиж шуугиж явсансан. Эргээд тэндээ уулзацгаая. Эрхэм сайхан анд минь. Сайхан даа, Их тал нутаг минь. Өнөө намар цаг нутагт минь ирж буй. Өвсний толгой нь шарангуйлж, өндөр хөх тэнгэрт нь сэмжин үүлс... гээд үгээ гүйцээж чадсангүй, Айн-Жалудын орог саарал тэнгэрт эх нутгийнхаа сүүн ээдэм шиг сэмжин цагаан үүлсийг эрэх мэт бүргэд хурц нүдээ тэнгэр өөд тас ширтсэн хэвээр Элдэрдээ баатарын амь гарч, нутгаа тэмүүлсэн сүнс нь хүсэн санасан хөх Монголын их талын зүг нисэн одоод, хүчит баатар бие нь хөсөр гулдайн сулрав.
Ээ, хайран мину
Эрийн чинээ эр билээ, чи мину
Эгэм мөрөндөө бядтан билээ
Эртний ихэсийн үлдэл билээ
Ээнэгшин дассан анд мину
Ээ, элэг зүрх мину,
Эрслэх олон дайсан үзээд
Эргэж буцахыг үл мэдэн,
Эрчлэн шуугиж ордог
Элдэрдээ баатар мину
Нулимс мину, анд мину
Нугарч ер эргэдэггүй учир
Нуруу юугаа үл хуягладагсан,
Дуурсан эрчлэх илдтэй учир
Дуулга ер духдуулдаггүйсэн
Хайран хайран анд мину
Харь муу дайсан дунд
Харах нүдээ үл цавчин
Хатгалдан шунгаж ордог
Хатуу зоригт баатар мину,
Ай хайран анд мину,
Араандаа атаатнаа зуун төрсөн
Арслангийн зулзага юмсан, чи мину
Ар газар тоглож өссөн
Ажнай сайн хүлэг юмсан чи мину
Ай, анд мину, намайгаа юунд өнчрүүлэв хэмээн Хитбух ноёнтон Элдэрдээ баатарын зузаан хуйхтай мулзан толгойг элгэндээ тэврээд тэнгэр өөд дуудан дуудан ухилав. Тэгээд “Их Монголын Хөх тугийн дайчин цэрэг эр, Хонгирадын Дүүрэн сэцэний хөвүүн Элдэрдээ баатарын ариун сүнс нь Хөх Монголынхоо их тал нутагт саадгүй түргэн нисэн очтугай” хэмээн ерөөн загалмайлсанд бүчин зогссон олон баатар эрс түрэн нирхийлгэлээ.
Элдэрдээ баатар Тогучар хүргэний түмтэд багтан анхны алс аянд мордоод, Сартуулыг ихэд даралцаж, Тогучарыг буруудсаны хойно Зэв ноётны өмөгт очиж, Мухамед Шагийн зугтаж явахдаа чадлаараа хавчиж асан сүүлнийх нь үзүүрт гал асаалцаж явжээ. Түүнээс Муган, Курын алдар цуутай их тулаануудыг үзэж, хадан цохиот, мөсөн халилт их Кавказыг мориныхоо туруунд үхрийн шир углаж, шилбийг нь хөөврөөр хулдан байж даваад, арагш нь хаврын цасны уруй шиг нүргэлэн бууж, алан, куман тэргүүт зургаан үндэстний их цэргийг бут ниргээд, цаашлан Оросын их вангуудын тоолж үл барам их цэргийг Калк голын хөвөөнөөс Днеприйн дээд хүзүүвч хүртэл цувуулан хяргаж явсансан. Түүнээс нааш энэхүү Айн-Жалуд хэмээх армаг толгодын хөвөөг дагах бяцхан голд иртэл Элдэрдэй баатарын туулсан зам, тулсан дайсныг тоолж үл барнам.
Оросын вангууд, Булгар, Хивчагууд, Хар малгайтнуудын их хүчин Днепр мөрнийг уруудан давшихад мөрний гатлага хамгаалан үлдсэн Харачар мэргэний мянгатад үлдэж, гол хүчнээ алс зувчин ухрах цаг гаргахын тулд Орос, Хивчагийн нийлсэн есөн түмэн цэргийг нь гурав хоног тогтоон бариад, эцэст нь хүчин мөхөсдөж, бүгд тэр мөрний хөвөөнд өчүүхэн ч харамсахгүйгээр ясаа тавьцгаахад чухам долоон голтой догшин зээх мэт гуравхан цэрэг амьд үлдсэний нэг нь Элдэрдээ баатар юм. Тэд амьд тэсэн үлдээд зогсохгүй Эрэмгий Мистиславын цэргийн хүнсийг голд живүүлэн, хамгаалж явсан Оросын алдарт Иполит баатар, Хотян хааны дүү Исмалит нарыг баривчлан гар хөлийг нь хоньчлон дангинатал хүлээд, өвчүүн завины голд шидэж, Днепр мөрөн уруудан хоёр талдаа харвалдан зугтсаар, мэнд мултарч, Зэв ноёндоо ирж нийлсэн, ер элдэв хэцүү бэрх дайн тулаан, аян бүхнээс исгэх шарх ч үгүй гардаг тул хуяг дуулгыг үл тоох баатар нэрийг бардан байж авсан эрэмгий дайчин билээ. Энэ мэт түүний адал явдал, алдар гавьяаг нь тоолж үл барах бөгөөд хожмын өдөр Хөх монголын хөрслөг хөвүүд нь эрхэм сайн баатар эрсийнхээ эрэлхэг сайхан энэ мэт түүхийг үлгэр домог болгон өгүүлэн хэлэлцээд, бахдан баясан суух буй за хэмээмүй.
Ер тэр цагаас эхлэн Хөх тугийн их хүрээн дунд Элдэрдээ баатар хэмээн нэр түгэж эхэлжээ.
***
Ажираан аравтнууд эрэлхэг сэргэлэн сүнс нь хэдийнэ орхин одсон Хүрэлхү хошуучын арвантаа жадлуулж, хоринтоо сийчүүлсэн цогцсыг эгнээ жадан дээр тавьж, мөрлөсөөр хүрч ирэхэд Хитбух ноёнтон тосон очиж, цэлмэг тунгалаг харцаар ширтсээр буй сайхан хар нүдийг нь аниулан, зовхийг нь илээд, духан дээр нь үрээ үнэрлэх мэт хайрлан үнэрлэв. Цэл залуу Хүрэлхү хошуучын уруул завжинд өнөөх уужим ёжтой мушийлт нь тэр хэвээр царцаж үлджээ.
Адтай сэргэлэн дүү минь
Ариун сайхан сүнс чинь
Ар Ононгынхоо хөвөөнд
Ахин төрөх болтугай хэмээн Хитбух ноён мөн ерөөл өргөөд, Элдэрдээ баатарын хамт илдийг нь хоёрт гарт нь бариулан, элгэн дээр нь авхуулаад зэрэгцүүлэн алс Ливаны уулсын баруун үзүүрт агч Назар өндөрлөгийн оройд оршоов.
Энэ зуур Бундуктар цэргээ дахин засаж, Байдар ноёны араас ороон тойрохоор довтолж буй түмтээсээ нэгэн шилдэг мянгатыг салган Начин баатарын гань галзуу түрэлтийг саатуулан зогсоохоор тосуулсанд, хавцал өндөр хөндийн хоёр талаас шуугин орж ирээд мөргөлдөх уруйн их үер мэт хоёр цэрэг хоёр талаас шуугин хашгиралдсаар нижигнүүлэн тулав. Бундуктар өөрөө мянгатаа дагуулан Назар өндөрлөгийн урд бэл өгсүүлэн дөхөж буйг үзсэн Хитбух ноёнтон дэргэдээ үлдсэн хоёрхон зуутныг Үлэмж мэргэнээр манлайлуулан Бундуктарын мянгатын өөдөөс “Өвчүүг нь яртугай. Бид Бундуктарын зүрхийг сугална” хэмээн тосуулав.
Одоо Хитбух ноёнд Хөх тугаа хамгаалан хажууд нь үлдсэн Арсланхүлэгт баатарын тавин турхагаас өөр нөөц үлдсэнгүй, Кутузыг бүрмөсөн нуга дарахын тулд тэр бүх хүчээ шавхаад байсан билээ. Хэрвээ Юсуф султаны мянгатууд энэхүү зүүн жигүүрийг дахиад гурван мөчийн төдий тогтоон барьж чадсансан бол Кутузын гол хүчин болсон хоёр түмтийг Байдар ноёны мянгатууд зүүнээс нь ороон хашиж, Долдохур догшины мянгатуудын илдэн дор шахан оруулж байгаад үйртэл нь цохиж, цайтал нь цавчилж орхих байсансан. Тэгсний ард энэ Бундуктарын бахричууд юу ч болох билээ.
Үлэмж мэргэн үзүүр гарган довтолгох Бундуктарын мянгатын өөдөөс өөдөөс эгцлэн очсоноо давхил дундаа харвасаар зуут зуутаараа хоёр тийш ярагдан бүхийд Хитбух тавин турхагаа аван, өндөр Хөх тугаа жавхлантайгаар намируулсаар голд нь гарсан сиймхийгээр Бундуктарын “Зүрх сугалах”-аар ухасхийн дайран орлоо.
.
/Хэсэглэн авав/
Б.Номинчимэд
Тайлбар:
1. Айн-Жалуд хэмээх нэртэй өнөөгийн Израилийн өмнөд хэсэг, Иерусалимаас төдий холгүй газарт болсон тулаан нь 1260 оны 9 сарын 3-нд болсон юм. Уг тулаанд Монголчууд 10-15 орчим мянга, Мисирийн буюу Египэдийн Киарийн мамлюк тэргүүтэй лалын нэгдсэн хүч 30 гаруй мянган цэрэгтэйгээр тулсан бөгөөд Монголчуудын нэгэн жарны тасралтгүй ялалтын цувраа энд тасарч, 10 мянга гаруй монгол дайчид тэр элсэрхэг нугад ясаа тавьсан байна.
2. Хитбух - Хүлэг хааны тугийн жанжин, Найман овгийн, загалмайн нестор урсгалыг шүтэгч хүн. Сирийн захирагчаар томилогдон, Мисир хүртэл дайлах аянд бэлдэж байсан.
3. Юсуф султан - Сирийн султан, Монголчуудад дагаар орон, цэргээ авч, Хитбух ноёны нэг жигүүр болон Айн-Жалудад очсон ч маш эгзэгтэй мөчид урваж, тулааны хувь заяаг өөрчилөх нэгэн сэжүүр үүтгэсэн..
4. Бундуктар султан - Бибарс султаны нэр. Түрэг, хивчаг угсааны хүн.
5. Кутуз - Киарын анхны мамлюк султаны Айбегийн дотнын хүн байгаад, эзнээ алж төрийн эргэлт хийгээд Султан болсон хүн. Өөрийгөө Сартуулын Хорезм шах Мухамедийн угсааны хүн гэдэг байжээ.
6. Мөч - Монголчууд цагны дөрөвний нэгийг буюу 15 минутыг мөч гэж нэрлэдэг. Гурван мөч гэдэг нь дөчин таван минут болно. Мөн минутыг Хувь, секундыг Хурам гэх.
7. "Зүрх сугалах" - Монгол цэргийн байлдааны нэгэн тактик.
Сэтгэгдэл (1)