Троллууд Н.Учралыг ноцохын учир...
Улсын ерөнхий прокуророор улиран томилогдсон Б.Жаргалсайхан Троллын хууль батлах шаардлагатай гэлээ. Олон зүйлийг цэгцэнд нь оруулахад ийм хууль нэн хэрэгтэйг илүү, дутуу тайлбаргүй тэр хэлсэн юм. Хуулийн байгууллагын толгойд сууж буй хүн зүгээр хоосон үг унагана гэж үгүй. Цэг тавихгүй бол ирээдүйд ирэх эрсдэлийг харсан л байж таарна. Нээрээ ч нэрээ, нүүрээ нуусан хаягаас хүнийг хүссэн үедээ харлуулдаг, доромжилдог, гүтгэдэг байдал хэрээс хэтэрлээ. Цензур гэж харахаас илүүтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхийг энэ хууль хангах талаас нь бодох ёстой юм. Одоо яаж байгаа билээ. Үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн болгон руу троллоор ноцуулж, нухчин дардаг болсон. Үнэн, худал хоёрыг ялгагдах аргагүй болтол нь ээдүүлж байгаа энэ байдлыг зөвхөн дотроосоо бус, гаднынхан ч хийж буйг барим тавим хэлэх хүн байна. Үнэндээ Монголын нийгмийг талцуулж, монголчуудыг хувааж байгаа нэг зүйл нь троллууд болчихжээ.
Үг хэлсэн, баримт ярьсан хүн рүү троллууд хэрхэн ноцож буйг нотлох сүүлчийн жишээ нь өнөө өглөө цахим орчинд тарсан ЗГХЭГ-ын дарга Н.Учралын “цус”-ны тухай мэдээлэл. Эцэг, эхээс өгсөн Учрал гэх нэрийг нь “У ЧИ РАЛ” гэж тасалж бичээд л хятад цустай гэж сэвж эхэллээ. Троллуудад ингэж ноцуулж байгааг бодоход Н.Учрал сайд үнэний талд яваа юм байна. Тэр юу ярьсныг эргэн санахад, Үндэсний баялгийн санг арвижуулж, стратегийн нөөц ордын жагсаалтад багтсан Төгрөг нуурын ордыг Төрийн тэргүүн байсан УИХ-ын гишүүн Х.Баттулгаас нэхсэн байдаг. Ингэхдээ тэр хоосон яриагүй. Оффшор бүсээр дамжуулж 250 сая ам.доллароор Төгрөг нуурын ордыг зарсан болохыг 507 хуудас бүхий баримтаар илчилсэн байдаг.
Монгол Улсын 3.5 сая иргэн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэх зорилготой Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ баталсан. Энэ санг арвижуулах үүрэг нь Засгийн газарт ногдсон. Ногдол ашиг иргэдэд хүртээхийн тулд баялгийн санг баялагтай болгох үүрэг нь Засгийн газрынх гэсэн үг. Гэтэл стратегийн ордын хэмжээнд үнэлэгдэж буй 3.1 тэрбум тоннын нөөцтэй Төгрөг нуурын ордыг ганцхан гэр бүл гадагшаа оффшороор дамжуулаад зараад идчихсэн байж болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням ч энэ тухай өнөөдөр ubn.mn сайтад ярьсан байна. Тэрээр “Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 507 хуудас бүхий Төгрөг нуур ордыг оффшор бүсүүдээр дамжуулаад худалдчихсан талаарх бодит баримтыг гаргаж тавьсан. Ер нь бирж дээр явж байгаа гүйлгээ ил тод байдаг нь их амар. Тэр мэдээллүүд ч өмнө нь сонсогддог л байсан. Н.Учрал сайд тэр бүгдийг цогцоор нь баримтжуулж тавьсан. Үүнийг миний бие дэмжиж байгаагаа ч илэрхийлсэн. Тэгтэл өнөөдөр бид хоёрыг цагдаад өглөө гэсэн мэдээлэл харсан. Х.Баттулга гишүүн эхлээд Төгрөг нуурын ордыг хулгайлсан үгүйгээ хуулийн байгууллагаар тогтоолгочхоод дараа нь гүтгэсэн эсэхийг яривал дарааллын хувьд зөв болох байх. Түүний дараа шалгуулахад бэлэн байна. Хүн гүтгэсэн бол уучлалт гуйна. Гүтгээгүй бол хэлсэндээ эзэн болоод л явна. Цагдаад өгч байна гэдэг нь өөрийгөө бас давхар шалгуулъя л гэсэн үг байлгүй дээ” гэж ярьжээ.
Баримт өөрөө ярьдаг гэдэг. Мөнгө мөртэй ч гэдэг. Одоо ил болсон мэдээллээр бол УИХ-ын гишүүн Х.Баттулгатай Төгрөг нуурын орд яах аргагүй холбогдоод байна. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан хуульч Д.Пүрэвбаатар ч бас энэ тухай цахим хаягаараа дамжуулаад баталчихсан байдаг. Хөгжлийн банкны хяналтын сонсголоор бас Төгрөг нуурын ордыг эзэмшигч “CAMEX” гэх компани УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хэрхэн холбогддог, ямар оффшор компанитай, гаднаас шилжүүлсэн мөнгө хэн хэний дансаар орж гардаг вэ гэдгийг нотлох баримтын хэмжээнд тогтоосныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдээд байна.
Энэ бүх явж байгаа мэдээллээр бол Төгрөг нуурын ордыг нэгхэн гэр бүл хуваагаад “идчихжээ”. Бүр улсад нэг ч төгрөгийн татвар төлөлгүйгээр оффшороор угаачихсан гэх яриаг УИХ-ын гишүүд ч холбогдох албан тушаалтнуудаас лавласаар байна. Н.Учрал, Д.Батлут, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Н.Батсүмбэрэл гэхчлэн гишүүд ээлж дараалан баримт дэлгэсээр...
Төгрөг нуур тойрсон асуудалд “хутгалдчихаад” байгаа Төрийн тэргүүн асан Х.Баттулга тэгвэл юу ярьж байгаа билээ. “...Төгрөг нуурын орд минийх гэдгийг батлах юм бол 100 хувь өгье. Бусад нь Ухаа худагийг бас 100 хувь өгчих. Уг нь би Засгийн газрыг дэмжээд, Үндэсний баялгийн санг арвижуулъя гэж байгаа шүү дээ” гэж urug.mn сайтаар ярилцлагад орохдоо хэлсэн. Гэхдээ энэ үгээ тэр Н.Учрал сайдыг 507 хуудас бүхий баримт дэлгэхийн урд өдөр нь ярьсан байдаг юм. Товчхондоо тэр Ухаа худагтай барьцаж байгаа юмдагуу даа. Гэтэл төр стратегийн ордын нөөцөд бүртгэчихсэн байгаа Төгрөг нуурын орд, улс 96 хувийг нь эзэмшиж байгаа Тавантолгойн бүлэг орд хоёр дээр ил байгаа мэдээллийг нь харьцуулахад тэнгэр, газар шиг зөрүү гарч байх юм. Яагаад гэвэл Ухаа худаг бол Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг, ердөө 4 хувь нь. Хувийн хэвшил 2009 оноос хойш олборлолт явуулж, баялаг бүтээж байгаа төсөл.
Тиймээс л нэг нь оффшороор дамжиж 250 сая ам.доллароор зарагдаж, нэгхэн гэр бүлийн орлого болсон байхад нөгөө нь олон улсад IPO гаргаж, хөрөнгө босгож, улсдаа хэдэн их наядаар хэмжигдэх татвар, хураамж төлж, шууд утгаараа 2000 хүнийг ажлын байраар хангаж, шууд бусаар хэдэн арван мянган хүнийг орлоготой болгож байгаа уурхай юм. Товчхондоо, Төгрөг нуур дээр баялаг хулгайлагдаж, Ухаа худаг дээр баялаг бүтээгдэж байгаа юм.
С.Ононтуул
Сэтгэгдэл (670)