Дайныг буруушаасан хэргээр ОХУ-д гурван жилийн хорих ял авсан Франц судлаачийг дамжин өнгөрөх колони руу шилжүүлжээ. Лоран Винатье бол Украин руу довтлох ажиллагаа эхэлснээс хойш Москвад хоригдож байсан барууны хэд хэдэн хүний нэг юм. Түүнийг өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тул шүүхээс ял сонссон.
Швейцарын төрийн бус байгууллагад ажилладаг Винатье өнгөрсөн зун Украины асуудлаар Франц болон барууны бусад орнуудтай хурцадмал байдал үүссэн үед баривчлагдсан. Түүний гэр бүлийн өгсөн мэдээлэлд, өмгөөлөгч нь түүнийг Москвагаас өмнө зүгт 190 км зайд орших Тула хот руу дамжин өнгөрөх колонид шилжүүлсэн гэж мэдэгджээ.
Тэрбээр шоронд 15 хоног хорио цээрийн дэглэм барих ёстой. Үүний дараа түүнийг хааш нь шилжүүлэхийг ар гэрийнхэн нь мэдэхгүй байна. ОХУ-ын асар том хорих ангид хоригдлуудыг шилжүүлэхэд хэдэн долоо хоног зарцуулдаг.
Орос хэлээр ярьдаг Винатье бол Орос болон Зөвлөлтийн дараах орнуудыг судалдаг ахмад судлаач юм.
Хоёрдугаар сард тэрбээр давж заалдаад амжилт олоогүй. Тухайн үед тэр хэлэхдээ, түүний ажил "олон улсын харилцаанд Оросын ашиг сонирхлыг харуулахыг үргэлж хичээдэг байсан" гэжээ . Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг суллахыг ОХУ-д удаа дараа уриалж байсан.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)