БАРИМТ 1
УИХ-ын гишүүн асан Н.Ганибал. Тэрбээр Сүхбаатар аймагт төрж өссөн. УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогдож УИХ-н гишүүнээр дөрвөн жил ажилласан.
БАРИМТ 2
Тэрбээр Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, Улаанбаатарын Их сургууль, хэрэглээний математикч, ШУТИС, программ хангамж, магистр зэрэгтэй.
БАРИМТ 3
Ажлын гараагаа ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль, математикийн багш, компьютерийн ухааны секторын эрхлэгчээр эхэлж байсан тэрбээр дараа нь Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх, Хүнс, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Зам тээврийн хөгжлийн яамны ТЗУХЭЗГ-ын дарга, Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, намын байгуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байв.
БАРИМТ 4
Түүний улс төрийн гараа нь 2016 оноос эхэлсэн. Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга, намын байгуулалтын газрын даргын албыг 2016-2019 хүртэл хашиж байгаад 2020 онд УИХ-ын гишүүн болсон байдаг.
БАРИМТ 5
2020 оны сонгуулиар Сүхбаатар аймагт нэр дэвшиж, 52,65 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. 2024 оны сонгуулиар тэрбээр зүүн бүсээс нэр дэвшиж 37,630 санал авсан.
БАРИМТ 6
2021 онд олон нийтэд төдийлөн танигдаагүй байсан түүнийг бүлгээсээ хөөж байгаагаа тухайн үеийн АН-ын бүлгийн дарга Б.Ганбат мэдэгдсэн байдаг. Түүнтэй хамт хөөгдсөн гишүүд бол УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь нар юм.
БАРИМТ 7
Тэрбээр улс төрийн хувьд өөрийн үнэт зүйлгүй мэт харагддаг. Нэг хэсэг О.Цогтгэрэлийг дагаж, Х.Баттулгад үйлчилж байсан бол АН-ын даргын сонгуулиар Ж.Батсуурийг дэмжсэн.
БАРИМТ 8
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Эрдэнийг эсэргүүцэж Н.Алтанхуяг нарын хамт долоо хоног талбай дээр өлсгөлөн зарлаж байлаа.
БАРИМТ 9
Түүнчлэн Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсанаараа МАН-ын "дуу хоолой", могойд барьдаг мод нь болохоо харуулсан.
БАРИМТ 10
Энэ талаар тэрбээр "Намын томилгоогоор томилогдсон сайд нар монголчуудын ярьдгаар “хавханд орсон хулгана” шиг асуудлынхаа цаана гарч чаддаггүй, яамныхаа хэдэн газар, хэлтсийн дарга нарын баригдмал сэтгэлгээнд суралцсаар байгаад бүтэн жил тойрлоо. Би МАН-ын захиалгаар цэцэд хандаагүй" хэмээж байв.
БАРИМТ 11
Н.Ганибал нь үнийн өсөлтийг тогтвортой барих хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлөн хэмнэлтийг сайд дарга нараас эхлүүлэх санал гаргасан. Ингэхдээ 15 яамны дэд сайд сард 34 сая 740 мянган төгрөг, жилд 521.1 сая төгрөгийг цалинд зарцуулж байгааг онцолж байв.
БАРИМТ 12
Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхээс илүү Ардчисан намын бүлэг дотроо сөрөг хүчин болж гүйсэн нь түүнийг хэр итгэл үнэмшилтэй улстөрч болохын илрэл болж байв.
БАРИМТ 13
Гэсэн ч тэрбээр өдгөө Ардчилсан намын хамгийн том фракцид харяалагддаг. Мөн 2024 оны сонгуульд ялагдсаныхаа дараагаас Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн даргаар ажиллаж буй. Үүнд тус намын зарим гишүүд шүүмжлэлтэй хандсаар буй.
БАРИМТ 14
Тэрбээр Сангийн сайд Б.Жавхлан, Ж.Батзандан нартай нэг ангид сурч байсан. Нэг үе.
БАРИМТ 15
Тэрбээр АТГ-д өгсөн 2022 оны мэдүүлэгтээ жилийн орлого 244 сая 584 мянга бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 106 сая төгрөг аж.
БАРИМТ 16
Мөн 125 сая төгрөгийн Lexus-570 нэг ширхэг, Nissan Qashqai ширхэг тус бүр жийп загварын хоёр автомашинтай. Мөн 181 сая төгрөгөөр үнэлэгдэх 109 адуу, 11 үхэртэй.
БАРИМТ 17
Нийтийн зургаан орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой бөгөөд нийт 696 сая 740 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэдгээ дурджээ. Түүний хадгаламж 60 орчим сая төгрөг, зээлгүй.
БАРИМТ 18
Н.Ганибал нь “МОСМЕП” ХХК, “Ардчилал таймс” сонин болон бусад газраас 1-50 хувийн ногдол эзэмшдэг гэж мэдүүлсэн нь бий.
БАРИМТ 19
Түүний аав, ээж хоёул Сүхбаатар аймгийн хүмүүс бөгөөд багш мэргэжилтэй. Аав Наянтай нь Монгол Улсын Гавъяат багш.
БАРИМТ 20
Тэрбээр 20 гаруй насандаа Сүхбаатар аймгийн бирж дээр арьс , шир түүхий эд авч биенесийн гараагаа эхэлж байжээ. Тухайн үед Сүхбаатар аймгийн боомтоор түүхий эд гаргах эхний алхамыг хийж явсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 21
Тэрбээр багадаа сургуулийнхаа хамтлагч дуулдаг байсан.
БАРИМТ 22
Багаасаа морь унаж өссөн тэрбээр одоо 106 адуутай аж.
БАРИМТ 23
Тэрбээр парламентад суусан дөрвөн жилдээ Коронавируст халдварын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг буруулах тухай хуулийн төсөлд л гар бие оролцжээ.
БАРИМТ 24
Тэрбээр өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээс гадна Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан.
Сэтгэгдэл (634)