Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын армид байлдаж байсан хоёр хятад иргэн Украины зүүн нутагт олзлогдсон тухай мэдэгдлээ. Донецк мужид байлдаж буй Украины цэргүүд Хятад иргэдийн бичиг баримт, банкны карт, хувийн мэдээллийг олж авсан гэж Зеленский мягмар гарагт мэдэгдэв.
"Оросын анги нэгтгэлүүдэд илүү олон хятад иргэн байгаа гэсэн мэдээлэл бидэнд байна. Одоо бид бүх баримтыг баталгаажуулах ажлыг хийж байна. Би Украйны Гадаад хэргийн сайдад Бээжинтэй яаралтай холбоо барьж, Хятад улс үүнд хэрхэн хандахыг олж мэдэхийг даалгалаа" гэж Зеленский Telegram хуудсандаа бичжээ. "Орос Хятадыг Европ дахь энэ дайнд шууд болон шууд бус байдлаар татан оролцуулж байгаа нь Путин дайныг зогсоох хүсэлгүй байгаагийн тод дохио юм. Тэр тэмцлээ үргэлжлүүлэх арга замыг хайж байна" гэж Зеленский хэлэв.
Олзлогдсон Хятад иргэд нь Хятад цэрэг үү, эсвэл сайн дурынхан уу гэдэг нь тодорхойгүй байна. Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха мягмар гарагт хэлэхдээ, Хятадын тал хариу өгнө гэж найдаж байна. Энэ бол ОХУ-ын талаас Украин руу довтлохыг цэргийн хүрээнд дэмжиж байгаа өөр нэг улс. Энэ бол Иран, Хойд Солонгосын армийн дараа орох бас нэг улс" гэжээ.
Хятадын ГХЯ 2024 оны нэгдүгээр сард олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдээ мөргөлдөөнтэй бүсээс хол байхыг уриалж, "ямар ч хэлбэрээр мөргөлдөөнд оролцохгүй байхыг, ялангуяа аль нэг талын цэргийн ажиллагаанд оролцохгүй байхыг" уриалсан байдаг.
Хятад улс Украины эсрэг дайнаа үргэлжлүүлж байгаа Орост батлан хамгаалах аж үйлдвэрийн баазаа өргөжүүлэхэд тусалсан гэж Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнууд өнгөрсөн жил CNN-д ярьсан удаатай. БНХАУ-аас үзүүлж буй дэмжлэгт ихээхэн хэмжээний машин хэрэгсэл, нисгэгчгүй онгоц, турбореактив хөдөлгүүр, далавчит пуужин, микроэлектроник, нитроцеллюлозын технологи багтаж байгаа гэж тухайн үед ярьж байв. Гэвч тэд одоо цэргээр туслаж байгаа юу гэдэг нь удахгүй ил болно.
Л.Баяр
Сэтгэгдэл (708)