УИХ-ын даргын 2024 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн өнөөдрийн /2025.04.08/ хуралдаанаар “Улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны талаарх мэдээллийг сонслоо.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Цолмон Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, тус яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны талаарх мэдээлэл, улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2024 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулсан юм.
Тэрбээр мэдээлэлдээ захиргааны хэм хэмжээний актын талаарх хууль тогтоомж, актыг батлах субьект, улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрийн тоог танилцуулсан.
2010 онд 681 захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бол 2023 онд энэ тоо 2357 болон нэмэгджээ. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар улсын нэгдсэн санд 2802 акт бүртгэлтэй байна гэсэн тоо гарсан байна.
Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын тухайд дүн шинжилгээ хийж үзэхэд хууль боловсруулах техникт эрх олгосон заалтыг ихээр тусгах хандлагатай байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчим алдагдах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсч болзошгүйг судалгаа харуулж байгааг тэрбээр мэдээлэлдээ тодотгоод, хүний үндсэн эрхэд халдсан журмуудыг цэгцлэх шаардлагатайг онцолсон.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.1.14-д “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, хуулиас давсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, цэгцлэх арга хэмжээ авна” … тус тус заасан.
Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, хориглосон болон ямар нэг байдлаар хөндсөн агуулга бүхий зохицуулалттай, тогтмол давтагдах процессын шинжтэй, нэг удаа батлахад удаан хугацаанд тогтвортой мөрдөгдөх хэм хэмжээ агуулсан, тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатай гэж үзжээ.
Эцэст нь УИХ хууль батлахдаа хуулиар дамжуулан эрх шилжүүлэх зохицуулалтыг багасгахад онцгой анхаарч ажиллахыг хүсч, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Засгийн газрын бус бие даасан агентлагт хуулиар эрх олгосон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэрүүд иргэдэд хүнд суртал, дарамт үүсгэдэг сөрөг үр дагавартайг онцолсон. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал улсын нэгдсэн санд бүртгэлгүй эрх зүйн актуудад хэрхэн хяналт тавьж байгааг лавлаж, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг, Т.Алтангэрэл нар хүн төвт хуулийн үзэл санаа хүний эрх дээдлэхэд чиглэх учиртайг, судалгаанд суурилсан шийдвэрүүдийн ач холбогдлыг чухалчилна гэсэн байр суурийг илэрхийллээ. Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх шаардлагатай гэдэгт Ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (632)