Засгийн газраас төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилох шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар 42 бүтээмж хариуцсан менежер, хяналт хариуцсан менежер томилогдоод байгаа юм. Ийнхүү төрийн шинэ албан тушаалд томилогдсон зарим менежерүүдийн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
1. "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир
- Өөрийн орлого: 50 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 2,4 тэрбум төгрөг
- Орон сууц: 5,4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 2 амины, 6 нийтийн орон сууцтай
- Автомашин: хоёр жийп болон туулах чадвар өндөр автомашинтай бөгөөд нийт үнэлгээ нь 720 сая төгрөг
- Мал: 2 тэрбумаар үнэлэх толгой малтай бөгөөд хурдан удмын 350 адуутай
- Үнэт эдлэл: гурван тэрбумын үнэт эдлэлтэй,
- Хадгаламж: дотоодод 340 сая төгрөг, гадаадад 118 сая төгрөгийн хадгаламжтай
- Газар: 167 сая төгрөгийн хоёр газар өмчилж, нэг газар эзэмшдэг
Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас 12 дугаар тойрог буюу нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн байдаг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдож байсан бол энэ удаа "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хяналтын менежерээр томилогдоод байна.
2. “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежер М.Оюунчимэг
- Өөрийн орлого: 62,3 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 103 сая төгрөг
- Орон сууц: хоёр нийтийн орон сууцтай бөгөөд нийт 870 сая төгрөгийн үнэтэй
- Автомашин: "Suzuki" маркийн суудлын жижиг автомашин, "Grand Vitara" маркийн суудлын жижиг автомашин, BMW, 528 маркийн автомашин гээд нийт 128 сая төгрөг
- Газар: 700м2 хэмжээтэй хоёр газар эзэмшдэг бөгөөд нийт хөрөнгө нь 1.8 тэрбум төгрөг
УИХ-ын гишүүн асан М.Тогтохсүрэнг “Монголросцветмет”-ийн захирлаар томилсон бол орлогч даргынх нь орон тоон дээр менежер нэрээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилсон.
3."Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хяналт хариуцсан менежер И.Мөнхжаргал
- Өөрийн орлого: 32 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 29 сая төгрөг
- Орон сууц: 1 нийтийн орон сууцтай, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой бөгөөд нийт орон сууц, барилга байгууламжийн үнэлгээ нь 973 сая төгрөг
- Автомашин: "Fordfiesta" маркийн нэг автомашин болон "Toyota Land Cruiser" маркийн нэг автомашинтай бөгөөд нийт үнэлгээ нь 275 сая төгрөг
- Мал: 12 сая төгрөгийн толгой малтай, хурдан удмын гурван адуутай
- Үнэт эдлэл: 306 саяын үнэт эдлэлтэй
- Хадгаламж: 110 сая төгрөгийн хадгаламжтай
- Газар: 69 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр газар эзэмшдэг
“Эрдэнэт” үйлдвэрт хяналтын асуудал хариуцсан менежерээр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан И.Мөнхжаргалыг томилсон. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд аравдугаар тойрог буюу нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн.
4.“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хяналт хариуцсан менежер Н.Пунцаг
- Гэр бүлийн орлого: 121 сая төгрөг
- Орон сууц: Нэг орон сууцтай
- Автомашин: 250 сая төгрөгөөр үнэлэгдэх "Cruiser 200" маркийн машинтай
- Мал: 12 сая төгрөгийн толгой малтай, хурдан удмын гурван адуутай
- Хадгаламж: 377 сая төгрөгийн хадгаламжтай
- Газар: нэг өвөлжөө хаваржааны газартай.
Ховд аймгийн АН-ын гишүүн түүнийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хяналт хариуцсан менежерээр томилсон байдаг. Эл томилгоотой холбоотойгоор УИХ дээр хэрүүл ч дэгдэж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Том төслүүдийг Н.Пунцаг нарын хүмүүсээр хянуулна гэж байхгүй шүү дээ, үнэн бүтэхгүй” гэж шогширч байв. Одоо Ардчилсан намын ҮБХ–ны гишүүн, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг нэгэн.
2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Ховд аймагт нэр дэвшиж байсан.
5.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежер С.Баярмөнх
- Өөрийн орлого: 875 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 1,7 тэрбум төгрөг
- Хадгаламж: дотоодын банкинд 4.4 төгрөгийн хадгаламжтай
- Газар: 10 газар өмчилж, нэг газар эзэмшдэг бөгөөд нийт 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй
"Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан С.Баярмөнхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежерээр томилсон. Тэрбээр өмнө нь ЕТГ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх менежерээр ажиллаж байсан. Түүний хувьд хэвлэл мэдээллийн "ТV8" телевиз, "Сэрүүлэг" сониныг үүсгэн байгуулсан. Мөн Гадаад харилцааны яамны Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан.
Сэтгэгдэл (3)