Архи их уух нь ой санамж, сэтгэн бодох асуудалтай холбоотой тархины гэмтлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эрдэмтэд долоо хоногт найм ба түүнээс дээш согтууруулах ундаа хэрэглэхийг их хэмжээгээр уух гэж тодорхойлжээ.
Мэдрэл судлалын сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаа нь эмч нар болон нийгмийн эрүүл мэндийг дэмжигчид архины хэрэглээний эмгэг, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой асуудлуудын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чухал судлагдахуун болно гэж харж байна. Судалгааг удирдсан Лиана Вэн бол Жорж Вашингтоны их сургуулийн яаралтай тусламжийн эмч, туслах дэд профессор юм. Тэр өмнө нь Балтиморын эрүүл мэндийн комиссар байсан.
Доктор Лиана Вэний хэлснээр, энэ судалгаанд нас барах үедээ дунджаар 75 настай байсан 1700 гаруй хүнд үхлийн дараах шинжилгээг хийсэн. Эрдэмтэд тархины гэмтлийн шинж тэмдэг, тухайлбал ой санамж, танин мэдэхүйн асуудалтай холбоотой гиалин артериолосклероз, Альцгеймерийн өвчинтэй холбоотой тау орооцолдох зэрэг гэмтлийн шинж тэмдгийг илрүүлэхийн тулд тэдний тархины эд эсийг судалжээ.
Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс архи уудаггүй хүмүүстэй харьцуулахад гиалин артериолосклерозоор өвчлөх магадлал 133 хувиар өндөр байсан бөгөөд энэ нь тамхи татах зэрэг тархины эрүүл мэндэд нөлөөлж болох бусад хүчин зүйлсийг тооцсоны дараах тусдаа үр дүн юм.
Өмнө нь архи ууж байсан хүмүүс энэ өвчнөөр өвчлөх магадлал 89 хувиар, харин дунд зэргийн архи уудаг хүмүүс 60 хувиар илүү байжээ. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс тау ээдрээтэй болох, ой санамжаа алдах магадлал өндөр байдаг. Түүнээс гадна эдгээр оролцогчид архи уудаггүй хүмүүстэй харьцуулахад дунджаар 13 жилийн өмнө нас барсан гэж харж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)