БАРИМТ 1
Мөнхтөрийн Лхагвагэрэл нь Завхан аймгийн Яруу сумын харьяат. 1998 оны дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн.
БАРИМТ 2
Үндэсний бөх, чөлөөт бөхөөр 2013 оноос хойш хослуулан барилдаж байгаа. Түүний анхны багш нь улсын начин Б.Адъяахүү. Чөлөөт бөхийн бэлтгэлээ өдгөө гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад хийдэг.
БАРИМТ 3
М.Лхагвагэрэл нь "Даян" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Жем Интернэйшнл" ХК, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн харьяат бөх юм. Тэрбээр 2022 оны улсын баяр наадмаар долоо даван Монгол Улсын заан цол хүртсэн.
БАРИМТ 4
М.Лхагвагэрэлийн хувьд Азийн АШТ-ий 125 кг-д мөнгөн медаль хүртсэн. Мөн 2023 оны Азийн АШТ-д түрүүлсэн бол энэ жил хоёр дахь медалиа хүртсэн юм. Тэрбээр 2022 оны арваннэгдүгээр сарын 26-ны Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиож өдрөөр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн. Гавьяат тамирчин цол хүртсэн өдрөө бөхийн өргөөнд болсон барилдаанд хүрэлцэн ирж барилдаж байв.
БАРИМТ 5
2025 он гарснаар Монгол Бөхийн өргөөд зохиогдсон улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд нэг үзүүрлэж, нэг түрүү хүртээд байна. Тэрбээр сар шинийн баярт зориулсан барилдаанд үзүүрлэсэн бол өчигдөр болсон Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд түрүүлэв. Түүнчлэн М.Лхагвагэрэл нь бөхчүүдийн чансааны гуравдугаарт 6350 оноотой эрэмбэлэгдэж байна.
Сэтгэгдэл (1)