Монголчууд Бүгд Найрамдах Улсаа дэлхий нийтэд тунхаглан зарлаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан "Шихихутуг" Их сургуулийн гуравдугаар түвшний оюутан А.Нарансолонготой Үндсэн хуулийн талаар ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Үндсэн хуулийн процессын эрх зүйн тэмцээний "шилдэг илтгэгч"-ээр шалгарсан юм.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А.Нарансолонго гэдэг. Би Шихихутуг Их сургуулийн гуравдугаар түвшний оюутан.
-Хуулийн чиглэлээр сурах болсон шалтгаанаа хуваалцахгүй юу?
-Миний хувьд зоригтой хуульч болно хэмээн бодож хуулийн чиглэлээр суралцсан. Зоригтой гэдэг нь хүнээс хараат бусаар үзэл бодлоо илэрхийлж, хэн нэгнээс айхгүйгээр бусдын эрх ашгийг хамгаалахыг хэлж байгаа юм. Зоригтой хуульч болж чадах юм бол илүү их бусдын эрх ашгийг хамгаалж чадах юм байна гэх итгэл төрсөн.
-Хуулиар суралцаж буй оюутны хувьд Үндсэн хуулийг юу гэж тодорхойлох вэ?
-Хуулийн чиглэлээр суралцсанаасаа хойш л Үндсэн хуулийн талаар ойлгож, мэдэж эхэлсэн. Оюутан болохоосоо өмнө Үндсэн хууль гэж мэддэг ч Үндсэн хуулийг яаж тодорхойлохоо мэддэггүй байсан л даа.
Үндсэн хууль бол бүх хуулийн тулгуур хууль. Энэ хуулиас ургаж гарсан бүхэн хүний эрх ашгийг хамгаалахын тулд байдаг. Иймдээ ч нийт ард түмний эрх ашгийг хамгаалж, эрхийг нь дээдэлдэг бичмэл хууль гэж боддог.
-1924 оны анхдугаар Үндсэн хууль, 1992 оны Шинэ Үндсэн хуулийн талаар хүмүүс түгээмэл мэддэг. Харин үүнээс гадна дахин хоёр удаа үндсэн хуулиа баталсан байдаг шүү дээ. Үндсэн хуулиудын талаар хичээлийн хөтөлбөрт нь хэрхэн тусгасан байдаг вэ?
-Үндсэн хуулийг 1924, 1940, 1960, 1992 он гээд нийт дөрвөн удаа баталсан байдаг. Энэ талаар хичээлийн хөтөлбөрт тус, тусад нь үздэггүй. Харин Үндсэн хууль гэсэн нэг хичээлийн хүрээнд Үндсэн хууль хэдэн онд батлагдаж байсан, ямар үе шаттайгаар одоогийн үндсэн хууль талаар үздэг.
-ЕБС-д Нийгмийн ухааны хичээлээр хуулийн талаар үздэг шүү дээ. Тухайн үед олж авсан мэдлэг нь хуулийн чиглэлээр суралцахад суурь болж чадсан уу?
-Одоо ингээд бодоход арван жилийн мэдлэг хууль сурахад тулгуур болдоггүй юм билээ. Арван жилийн хичээлийн хөтөлбөрт, тэр дундаа Нийгмийн ухааны хичээл дээр Үндсэн хуулийн зарим зүйл заалтуудыг ойлгуулж өгвөл зүгээр байх. Арван жилийн сургуулиа төгсөөд хуулиар сурсан ч бай, үгүй ч бай хөдөлмөр эрхэлж байх явцдаа ямар гэрээ байгуулах ёстой вэ, хөдөлмөрийн эрх ашгийг яаж хамгаалах ёстой вэ гэх мэдлэгийг арван жилд олгох нь зүгээр болов уу. Тухайлбал, оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил хийх явцад удирдах албан тушаалтан нь мэдэгдэхгүйгээр цалин бууруулах, хийх ёстой ажлаас нь өөр ажил хийлгэх зэргээр маш их ажилтны эрх үүргийг зөрчиж байдаг. Үүнээс шалтгаалан оюутнууд маш их ажил сэлгэдэг.
Арван жилд хуулийн суурь мэдлэгийг олгочихсон бол хөдөлмөр эрхлэх явцдаа өөрийн эрх ашгийг хамгаалж чадна шүү дээ.
-Хуулийн чиглэлээр сурч буй оюутнууд тодорхой хэмжээнд Үндсэн хуулийн мэдлэгтэй байгаа. Харин өөр чиглэлээр суралцаж буй оюутан залуусын хуулийн мэдлэг ямар түвшинд байна гэж хардаг вэ? Энэ талаар анзаарагдсан зүйл бий юу?
-Тийм ээ. Хуулийн оюутнууд Үндсэн хуулийн талаар мэдлэгтэй. Харин бусад чиглэлээр суралцдаг оюутнууд Үндсэн хуулийн талаар төдийлөн сайн мэддэггүй. Тухайлбал, иргэдийн өдөр тутамд болж буй процесс нь иргэний , эрүүгийн, захиргааны хуулиудаар зохицуулагдаад явдаг. Тийм учраас иргэдтэй илүү ойр байдаг хуулиуд нь салбар эрх зүйн хуулиуд юм. Харин үүнийг дээр Үндсэн хууль байдаг гэдгийг залуучууд сайн мэддэггүй.
-Хамгийн сайн Үндсэн хууль гэвэл хэдэн оны Үндсэн хуулийг нэрлэх вэ?
-Анхдугаар Үндсэн хууль Монгол Улсын хувьд хамгийн сайн хууль мөн. Хамгийн анх хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд гарсан хууль шүү дээ. Гэхдээ дараа нь дахин батлагдаж буй хуулийг илүү хүчтэй хууль гэж миний хувьд боддог. Учир гэвэл, нийгэм цаг үе жил ирэх тусам хувьсан өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад нийгмийн ухамсар, хүмүүсийн дэг жаяг хувьсан өөрчлөгдөж байна.
-Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв, буруу гэх асуудлыг ярих болсон. Энэ тал дээр залуу хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Үндсэн хуульд гар хүрнэ гэдэг бол бусад салбар хуулиуд, хэм хэмжээ, зохицуулалтыг бүгдийг нь өөрчилж буйгаас ялгаагүй зүйл. Иймд Үндсэн хуулийг шууд өөрчилнө гэхээс илүү салбар эрхзүйн хуулиуд Үндсэн хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдэгт анхаарах хэрэгтэй.
Үндсэн хуульд байнга өөрчлөлт оруулаад байж болохгүй гэж боддог.
Үндсэн хуулийн зүйл заалтыг өөрчлөхөд бусад салбар эрхзүйн хуулийн заалтууд өөрчлөгдөх боломжтой.
-Үндсэн хуулийн ач холбогдлын талаар оюутан залуус, сурагчдад хэрхэн ойлгуулах ёстой гэж боддог вэ?
-Мэргэжлээрээ суралцаж төгсөөд илүү их залуучууддаа мэдлэг олгох чиглэлд анхаарна гэж боддог. Нийслэлд, тэр дундаа хотын төвд байдаг хүмүүст Үндсэн хуулийн талаарх мэдээлэл хүрч байгаа байх. Гэхдээ хөдөө орон нутгийн болон гар утас ашиглах боломжгүй хүмүүс хүрч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг тал нь мэдээллээс хоцроод, нөгөө тал нь үндсэн мэдээллээ аваад явж байгаа. Иймд тэдгээр хүмүүст үнэгүй байдлаар соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж, мэдлэг олгох зүйлийг хийх хэрэгтэй.
Зөвхөн сошиал дээр Үндсэн хуулийг байршуулах нь учир дутагдалтай. Иргэд сошиал дээр эрх зөрчигдлөө гэх зүйлийг маш их бичдэг хэр нь яаж эрхээ хамгаалахаа мэддэггүй юм билээ.
Иргэдийн хуулийн мэдлэг дутуугаас болоод түүнийг нь урвуулан ашиглах хүмүүс маш их байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун