ЕХ-ны орнуудын төлөөлөгчид Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснийх нь дараагаас Оросын эсрэг авч эхэлсэн багц хориг арга хэмжээний 16 дахь удаагийнхаар зөвшилцөлд хүрсэн. Өнөөдөр ГХЯ-ны сайд нарын түвшинд албан ёсоор баталснаар энэ сарын 24-нөөс буюу Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойших гурав дахь жилийн ойн дээр хэрэгжиж эхлэх юм байна.
Олон улсын мэдээллийн агентлагуудын мэдээлж байгаагаар, энэ шинэ багц хоригт Оросоос хөнгөн цагаан бүтээгдэхүүн худалдан авахыг ЕХ-ны орнуудад үе шаттайгаар хориглохоор заасан байна. ЕХ боловсруулалтад ороогүй хөнгөн цагааны импортынхоо 6 орчим хувийг Оросоос авдаг байсныгаа сүүлийн жилүүдэд бууруулж, хөнгөн цагаан утас, хоолой зэргийг авахаа зогсоожээ. Одооноос тэгвэл хөнгөн цагаан цувимал, хавтан зэрэг гол өртөг шингэсэн нийлүүлэлтийг хязгаарлах болж байгаа юм байна. Үүнээс гадна Оросын нефть экспортод тогтоосон хязгаарлалтыг чангатгах хүрээнд Оросын эсрэг хоригийг зөрчин нефть тээвэрлэхэд ашиглагддаг сүүдрийн флот гэгчийн 73 хөлөг онгоцноос гадна 13 банкийг олон улсын төлбөр тооцооны Свифт системээс хасахаар болжээ.
Мөн 48 хувь хүн, 35 хуулийн этгээдийг хоригт хамруулж, ТАСС, Лента.ру, Оросын БХЯ-ны Звезда телевиз зэрэг Оросын төрийн мэдлийн болон Кремлийн талын мэдээ мэдээлэл цацдаг хэвлэл мэдээллийн 8 хэрэгслийг ЕХ-ны орнуудад дамжуулахыг хориглох тухай заасан байж болзошгүй байгаа талаар “Франс Пресс” дамжуулсан байна. Ийм арга хэмжээ тогтоох шаардлагаа ЕХ-ны талаас Украины дайнтай холбоотойгоор Холбооных нь мэдээллийн аюулгүй байдалд аюул заналхийлж байгаа Оросын суртал ухуулгатай тэмцэх зорилготой гэж тайлбарлаж байгаа юм байна.
Мөн ОХУ-ын нэлээд хэдэн усан боомт болон нисэх буудалтай ажиллагаа явуулахыг ЕХ-ны зүгээс хориглох байр суурьтай байгаа талаар Блумберг мэдээлжээ. Өмнө нь Саудын Араб улс Оросын өндөр албаныхантай хийсэн уулзалт хэлэлцээнд оролцсон Америкийн ТНБД Марко Рубио өмнө нь Оростой энхийн хэлэлцээр байгуулах хүртлээ АНУ Оросын эсрэг хоригуудыг цуцлахгүй гэж Европын Холбоотнууддаа нотлон мэдэгдсэнийг Блумберг мэдээлж байна. Тэрчлэн Москватай хэлэлцээрт хүрэхийн тулд Вашингтоныг хоригуудаа дангаараа цуцалж болзошгүй гэдэг болгоомжлолыг нь бууруулах үүднээс Рубио ЕХ-ны хэд хэдэн орны ГХЯ-ны сайд нартай утсаар ярьсан юм байна.
ЕХ энэхүү ОХУ-ын эсрэг шинэ багц хориг арга хэмжээг баталсан цаг үе нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Украины хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг эрчимжүүлж, улмаар Оросын эсрэг хатуу хориг хязгаарлалт тогтвортой үргэлжлэх магадлал саарч байгаа үетэй давхцаж таарсан. Хэрвээ АНУ тохиролцоонд хүрэх үүднээс Орост тогтоосон хоригуудаа дангаар цуцлах нөхцөлд Европын хоригууд үндсэндээ хүчингүй болж хувирахыг EU observer-ийн шинжээчид бичсэн байна.