Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн "Украины дайныг зогсоох зорилгоор Саудын Арабт болох энхийн хэлэлцээнд манай улсыг уриагүй нь гэнэтийн зүйл боллоо" гэж хэлсний хариуд сэтгэл дундуур байгаагаа хэлээд "гурван жилийн өмнө эхэлсэн дайныг зогсоох нь тэдний үүрэг" гэж мэдэгдлээ. Мөн тэр уг дайныг эхэлсэнд Украинчууд буруутай гэж үзэж буйгаа цухас илэрхийлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой Саудын Арабт хэлэлцээ хийв.
Тэрбээр "манай улс Украин дахь НАТО-гийн энхийг сахиулах хүчнийг ямар ч энхийн хэлэлцээрт тооцохгүй" гэж мэдэгдэв. Орос, АНУ-ын талууд дайныг зогсоох төгсгөлийн хэлэлцээрийг товлосон гэх мэдээлэл буй. Өчигдөр Саудын Арабт болсон уг хэлэлцээрт,
Оросын талд:
- Сергей Лавров , ОХУ-ын Гадаад хэргийн сайд. Өдгөө 72 настай Лавров 20 гаруй жил олон улсын тавцанд Владимир Путины Оросыг төлөөлөн ажилласан.
- Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков. Тэрбээр өмнө нь ОХУ-аас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан юм.
АНУ-ын талд:
- Марко Рубио , АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга. Гадаад бодлогын шонхор гэгдэж байсан түүнийг өнгөрсөн сард энэ албан тушаалд томилсон.
- Майк Вальц , Үндэсний аюулгүй байдлын зөвлөх. Цэргийн ахмад дайчин, Трампыг удаан хугацаанд дэмжигч
- Стив Виткофф , Ойрхи Дорнодын элч. Трампын хувийн найз, гольфын найз, тэрбумтан үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч
Хэлэлцээрийг зохион байгуулагч Саудын Арабын талд:
- Саудын Арабын Гадаад хэргийн сайд хунтайж Фейсал бин Фархан аль-Сауд
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мусаед бин Мохаммед аль-Айбан нар байв.
Эр-Рияд болсон энэхүү уулзалт нь Орос Украинд бүрэн хэмжээний цөмрөн орсноос хойш Орос, Америкийн төлөөлөгчид нүүр тулан уулзсан анхны тохиолдол байв.
Энэ үеэр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, АНУ, Орос хоёр улс аль болох хурдан харилцан Элчин сайдаа томилж, хамтын ажиллагааг бүрэн хэмжээгээр сэргээх нөхцөлийг бүрдүүлнэ. Ашигтай, чухал яриа байлаа. Бид бие биенээ сонссон" гэв.
Тэрбээр НАТО-гийн батлан хамгаалах эвслийг өргөжүүлэх, Украин түүнд нэгдэх нь Орост "шууд аюул заналхийлэх болно" гэсэн Оросын өмнөх байр суурийг дахин дахин хэлж байв.
Нөгөө талд
Европын удирдагчид Даваа гарагт Парист шуурхай уулзалт зохион байгуулж, Орос, АНУ-ын хоорондын дотно байдал, тэдгээрийн Украин дахь дайныг зогсоох аминчхан хэлэлцээртэй холбоотой хариу арга хэмжээний талаар ярилцсан боловч нэгдсэн байр суурин хүрээгүй байна.
Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Украины аливаа хэлэлцээрт Оросыг хөрш рүүгээ дахин дайрахаас сэргийлэхийн тулд "АНУ-ын дэмжлэг" шаардлагатай гэж мэдэгдээд Украинд Их Британийн цэргийг байрлуулах талаар бодож үзнэ гэж мэдэгдэв.
Гэвч НАТО-гийн гол холбоотон болох Германы канцлер Олаф Шольц Украин руу цэргээ илгээх асуудлыг хэлэлцэх нь эртэднэ гэжээ. Харин Польшийн Ерөнхий сайд Дональд Туск мөн цэрэг илгээх бодолгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд Трампын тангараг өргөх ёслолд оролцсон Европын цорын ганц удирдагч болох Италийн Жоржиа Мелони уг саналд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Парист болсон уулзалтын үеэр Европын цэргүүдийг Украинд байрлуулах нь энх тайвныг тогтоох үр дүнтэй арга биш гэж мэдэгджээ.
Украины хувьд
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, Европын холбоо Орост ч хориг арга хэмжээ авсан тул хэзээ нэгэн цагт ширээний ард суух болно" гэж мэдэгдэв. Уулзалтад Украины талаас нэг ч хүн байгаагүйд тэр, "хэнийг ч орхигдуулаагүй" гэжээ.
Туркт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Украины удирдагч энэ уулзалтад хариу өгөхдөө бухимдсан байрын харагдав. Тэрбээр, "Бид бүх зүйл шударга, хэн ч бидний өмнөөс юуг ч шийдэхгүй байхыг хүсч байна. Тэд Украингүйгээр Украины дайныг хэрхэн зогсоох талаар шийдвэр гаргаж чадахгүй" гэж Зеленский хэлэв.
Украины ерөнхийлөгч өөрийн улс нь Америкийн тусламжгүйгээр Оросын цэргүүдийг ялах нь бүү хэл эсэргүүцэх магадлал маш бага гэдгийг мэдэх байх гэж BBC агентлаг бичжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)