Бодох төдийд л нүүрэнд инээмсэглэл тодруулах увидастай сайхан хайрын дурсамж хэн бүхний сэтгэлийн гүнд хадгалаастай байдаг гэдэгт итгэж байна. Тиймдээ ч дурлаж, шархалж үзсэн зүрх бүхэнд Валинтены баяр жирийн өдрүүдээс илүүтэй сэтгэл гэгэлзүүлсэн, догдлом өдөр мэт санагддаг биз ээ. Ийнхүү уншигч та бүхэнд валинтены тухай таны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. САРНАЙН ТҮҮХ
"Rose" буюу сарнай гэх үгийн үсгийн байрлалыг соливол эртний Грекийн хайрын бурхан Эросын нэр болон хувирдаг гэдгийг мэдэх үү? Хэдэн зууны турш энэхүү цэцэг дурлалт хосуудын хайрын үгсийг дайх хамгийн тохиромжтой бэлэг байсаар ирсэн. Дэлхий даяар жил бүр 250 сая сарнай цэцэг Валентины өдрөөр зарагдаж дуусдаг бөгөөд баглаа цэцэг худалдан авч буй хүмүүсийн 61 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэх сонирхолтой судалгаа бий.
2. ХАМГИЙН ЭРТНИЙ БЭЛЭГ
Эл баярын уламжлалт бэлэг гэхэд болох зүрхэн шоколадны түүх Ричард Кардбөри гэгч шоколадны үйлдвэрийн эзэн 1868 онд эхнэртээ өөрийн гараар урласан зүрхэн хэлбэртэй хайрцаганд шоколад хийн бэлэглэснээс үүдэлтэй. Эдүгээ хайрын баярын бэлгэнд зориулан зөвхөн америкчууд гэхэд 26 сая кг шоколадыг ганцхан өдрийн дотор худалдан авдаг. Сонирхолтой нь хосгүй хүмүүс ч энэхүү амттаны хамгийн том худалдан авагчдын нэг байдаг бөгөөд америк ганц бие залуусын 43 хувь нь энэ өдөр өөртөө шоколадны цуглуулга бэлэглэдэг гэнэ.
3. БЭЛГЭВЧНИЙ ЭРЭЛТ
Durex компанийн хийсэн тооцооллоор, гэгээн Валентины баяраар бэлгэвчний борлуулалт энгийн өдрүүдээс 20-30 хувиар өсдөг байна. Харин энэ өдрөөс хойш сар орчмын дараа жирэмснийг шалгах сорилын эрэлт эрс нэмэгддэг.
4. ЖУЛЬЕТТАГИЙН ЗАХИДЛУУД
Валентины баярыг хамгийн анх зохиол бүтээлдээ дүрсэлсэн зохиолчдын нэг нь Виллиам Шекспир бөгөөд “Гамлет” жүжгийн нэгэн хэсэгт гол дүр Офелия хайрт Гамлетдаа хандан "хайрын өдрийг хамтдаа өнгөрүүлье" гэх утга бүхий мөртүүдийг шүлэглэн хэлдэг. Сонирхуулахад, жил бүрийн гэгээн Валентины өдрөөр Ромео, Жульетта хоёрын амьдарч байсан гэх Италийн Верона хот руу Жульеттагийн нэр дээр 1,000 орчим захидал ирдэг аж.
5. МЭНДЧИЛГЭЭНИЙ КАРТ
Валентины өдөр хосууд нэг нэгэндээ сэтгэлээ илчилсэн хайрын үгстэй мэндчилгээний карт илгээх явдал дундад зууны үеэс түгээмэл болсон бөгөөд хамгийн эртний карт Их Британийн Йоркийн музейн сан хөмрөгт одоог хүртэл хадгалаастай байдаг.
6. ХАЙРЫН БЭЛГЭДЭЛ ШУВУУ
Дундад зууны үеийн Франц, Англид хоёрдугаар сарын 14-ний өдрийг тагтаа шувууд ижлээ олдог улирлын эхэн гэж үздэг байсан нь Валентины өдрийг улам романтик болгоход хувь нэмрээ оруулжээ. Энэ өдөр шувууд ижлээ сонгодог шиг хос залуус ч бие биенээ сонгон учрах хувь зохиолтой гэж эрт дээр цагаас бэлгэддэг байсан түүхтэй.
7. ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БЭЛЭГ
Америкийн Үндэсний Жижиглэн Худалдааны нийгэмлэгийн хийсэн судалгаагаар, Валентины өдөр хамгийн гүйлгээтэй байдаг бэлгийн нэгдүгээрт үнэт эдлэл жагссан байна. Өнгөрсөн оны Валентинаар гэхэд, америкчууд нийтдээ 5.8 тэрбум долларыг хайртыгаа баярлуулах үнэт эдлэл худалдан авахад зарцуулжээ. Оройн хоолны болзооны санал харин удаах байранд шалгарч.
8. ЗӨВХӨН ХОСУУДЫН ӨДӨР БИШ
Америкчуудын хувьд гэгээн хайрын өдөр бол зөвхөн хосуудад бус бүх хүмүүст хамааралтай баяр. Тэдний ердөө 56 хувь нь энэхүү өдөр дурлалт хосдоо зориулан бэлэг худалдан авдаг бол 20 хувь нь гэр бүлдээ тэр бүү хэл дөрвөн хувь нь гэрийн тэжээмэл хөөрхөн амьтаддаа сэтгэл шингэсэн бэлэг бэлддэг гээч. Жил бүрийн хайрын өдөр тэд дунджаар 367 сая долларыг гэрийн тэжээмэл амьтаддаа бэлэг авахад зарцуулдаг.
9. WHITE DAY
Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд энэ өдөр таалагддаг залуудаа төрөл бүрийн шоколадны цуглуулга бэлэглэн сэтгэлээ илчилдэг бөгөөд бүсгүйн сэтгэлийг залуу хүлээн авсан тохиолдолд гуравдугаар сарын 14-нд түүнд эргүүлэн цагаан шоколад бэлэглэдэг уламжлалтай. Харин залуугаасаа татгалзсан хариу сонссон бүсгүйчүүд тухайн жилийнхээ хайр дурлалын барцадыг гарган дөрөвдүгээр сарын 14-нд жантай гоймон заавал иддэг. Японоос эхлэлтэй “White day” хэмээх энэхүү өвөрмөц уламжлал ази залуучуудын дунд түгээмэл тархсан байдаг.
10. ХАЙРАА ИЛЧЛЭХ ЗОРИГТОЙ АРГА
Дундад зууны үед амьдарч байсан Европ залуус өөрсдийн дурлалт хүнийхээ нэрийг ханцуйн дээрээ оёж, олон нийтэд хайр дурлалаа ил зарладаг байсан түүхтэй. Бүтэн долоо хоногийн турш тэд хайртай хүнийхээ нэрийг ханцуйн дээрээ бичин алхдаг байсан бөгөөд дурласан хүн нь түүний сэтгэлийг хүлээн авсан тохиолдолд хамтдаа Валентины баяраа тэмдэглэдэг уламжлалтай байж. Одоо бодоход энэ арга сэтгэлээ илчлэх үнэхээр зоригтой алхам байж, тийм үү?