Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн талаар "Unfilter" улс төрийн боловсрол олгох сувгийн үүсгэн байгуулагч Б.Анхзаяатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ИТХ-ын сонгууль гэж ямар түвшний сонгуулийг нэрлэж байна вэ? Энэ талаар яриагаа эхэлье.
-Бид аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийг Орон нутгийн сонгууль гэж нэрлэдэг. Ийнхүү нэрлэж буй нэршлээсээ эхлээд бид төөрөгдөлд орж буй. Улс төрийн боловсрол дутмаг хүмүүс орон нутгийн сонгууль гэж нэрлэхээр хөдөө орон нутагт өрнөдөг сонгууль хэмээн ойлгодог. Энэ ойлголт түгээмэл бий. ИТХ-ын сонгууль бол ардчилсан Монгол Улсын иргэн хүний хувьд улс төрийн эрхээ эдлэх хамгийн эхний алхам. Өөрөөр хэлбэл, бидний асуудлыг бидний өмнөөс шийдэх төлөөний хүмүүсийг сонгох хамгийн ойрын сонгууль бол ИТХ-ын сонгууль юм.
-ИТХ-ын төлөөлөгч гэж хэнийг хэлэх вэ? Төлөөлөгч ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Бидний хамгийн их бухимддаг утаа, түгжрэл, хүрээлэн буй орчин, бродюрын асуудал зэрэг нь УИХ-ын гишүүний шийддэг асуудал биш. Ахуйн асуудлыг УИХ-ын гишүүдээс нэхэх нь буруу зүйл.
Бид УИХ-ын сонгуульд, УИХ-ын гишүүдэд ач холбогдол өгөөд байдаг хэр нь биднийг төлөөлж буй дунд шатны төлөөлөгчөөр ямар хүн сонгосноо ч мэддэггүй. Ямар үүрэгтэй хүн бэ гэдгийг ч мэддэггүй.
Энэ нь өөрөө маш том гажуудлыг бий болгож байгаа. Учир нь бид УИХ-ын гишүүдэд анхаарлаа хандуулж, дунд шатандаа ямар ч хяналтгүй болсон. Үүнийг бид сүүлийн хэд хоногт бродюрын асуудлаас харж байна шүү дээ. Энд ямар ч олон нийтийн хяналт алга. Ардчилсан тогтолцоонд олон нийтийн хяналтгүй бүх зүйл завхрах тийшээ явдаг. Хатуухан хэлэхэд бид үүрэг ёстой ачаагаа үүрч байна.
Бид ямар ч хяналт тавьж байгаагүй учир өнөөдрийн энэ бухимдалтай нийгэмд амьдарч байна.
ИТХ-ын төлөөлөгч бол тухайн сум, дүүрэгт ямар асуудал тулгамдаж буйг олж хараад, төсөв татан төвлөрүүлээд тэр асуудлыг шийдэх үүрэг хүлээдэг.
-Иргэд УИХ-ын сонгуульд ач холбогдол өгдөг шигээ ИТХ-ын сонгуульд төдийлөн ач холбогдол өгдөггүй шүү дээ. Иймд УИХ, ИТХ-ын сонгуулийн ялгааны талаар яриагаа үргэлжлүүлье.
-УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Ямар асуудлыг хуулиар шийдэж болохоор байна. Тэр асуудлыг эрх ашгийнхаа хүрээнд шийднэ. Хоёрдугаарт, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын үйл ажиллагааг хянах үүрэгтэй. Харин орон нутгийн сонгуулийн хувьд "өөрсдийн асуудлыг өөрсдөө шийднэ" гэдэг агуулгаар явдаг. Ялгаа нь ердөө л энэ. УИХ бол үндэсний эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг бол ИТХ хороо, дүүргийнхээ асуудлыг ярьж шийдвэр гаргадаг.
-Орон нутгийн сонгуульд хамаатан садан, намын хүнээ сонгох нь олонтаа. Ялангуяа, сумын түвшинд. Харин мөрийн хөтөлбөртэй нь танилцаад сонгууль өгөх хэр ач холбогдолтой вэ?
-Монгол Улсын иргэд бид өргөн уудам нутагт цөөхүүлээ тархан амьдардаг. ИТХ-ын сонгууль бол улс төрөөс ангид байх ёстой сонгууль. Тэр тусмаа сумын ИТХ-ын төлөөлөгч намын харьяалалгүй байх хуулийн заалттай. Энэ хууль одоогоор хэрэгжиж байгаа. Гэхдээ хэрэгжихгүй байгаа бүс нутгууд бол бий. Энэ сонгуулийг улс төрөөс ангид байлгах хоёрдугаар асуудал бол иргэд өөрсдөө улс төрийн боловсролтой байх ёстой.
Иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх хамгийн том платформ бол улс төрийн нам.
Намууд үүргээ биелүүлээгүйн хор уршгийг өнөөдөр бид амсаж байгаа юм. Ажил хийх хүн тэнд очиж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Олон удаа алдсан улс төрийн намд бид сонголтоороо хариуцлага тооцдоггүй.
-ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорсон. Нэр дэвшүүлэлтэд иргэд санал бодлоо илэрхийлж хяналт тавих боломжтой юу?
-ИТХ-ын сонгуульд сонгогч бидний анхаарах ёстой хамгийн гол зүйл бол нэр дэвшилт. Улс төрийн намуудад ямар хүнийг хүлээж байгаа гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлэх ёстой. Аливаа нам үнэхээр иргэн, төр хоёрыг холбох гүүр юм бол иргэдийн хүсэл сонирхлыг тусгаад нэр дэвшүүлэлтээ хийх ёстой. Гэвч бид анхаарсангүй. ИТХ-ын сонгууль аравдугаар сард болно. Одоогоор бид нэр дэвшиж буй хүмүүсээсээ л хамгийн сайныг нь сонгох учиртай.
-ИТХ-д эмэгтэйчүүд хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Улс төрийн намуудын бүтэц бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд 50 хувиас дээш байр суурь эзэлдэг. Энэ эмэгтэйчүүдийн эзлэх хувь шийдвэр гаргах түвшинд ахих тусмаа багасдаг. Энэ нь өөрөө тухайн нам дотоод ардчилалгүй байгааг илэрхийлж байгаа юм. Дарга нартай ойр байдаг, найраад ордог хүмүүс гүйцэтгэх эрх мэдэлд очдог тогтолцоотой болоод удаж байна шүү дээ. Үүнийг улс төрийн намууд өөрийн ухамсраараа засахад магадгүй 100 жил болох байх. Харин иргэд сонгогчид хяналт тавиад эхэлбэл бидний сонголтыг авахын тулд нам өөрөө өөрчлөгдөнө гэж миний хувьд хардаг. Иймээс улс төрийн намууд иргэдтэй ойр ажиллах ёстой. Сонгогчид сонгоод орхих биш, эргээд хариуцлага нэхэж эргэх тогтолцоотой ажиллах ёстой.
УИХ-ын сонгуульд улс төрийн томоохон намууд эмэгтэйчүүдийн квотыг дөнгөж хүргэх төдий нэр дэвшүүлсэн. Энэ нь өөрөө тухайн намууд дотоод ардчилалгүй байгааг илтгэж буй.
ИТХ-ын 10 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл гүйцэтгэх түвшинд ажиллаж буй хүмүүсийг 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Энэ бол шударга тогтолцоо үйлчлэхгүй байгаагийн илрэл. Шударга тогтолцоо үйлчлэхгүй байгааг сонгуулийн тогтолцоогоор шийдэж өгсөн. Орон нутгийн сонгууль ч ингэж явагдах ёстой байсан. Харамсалтай нь, өнгөрсөн парламентын 76 гишүүн ажлаа сайн хийсэнгүй.
-УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Гэтэл ИТХ-ын сонгуулийн өмнөх тогтолцоогоор явуулах юм билээ. Энэ хоёр сонгуулийн тогтолцоог адил болгох шаардлага бий юу?
-Тийм ээ. Орон нутгийн сонгууль сонгуулийн хуучин хуулиар зохион байгуулна. УИХ-ын сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдчихсэн. Гэсэн ч Орон нутгийн сонгуулийн тухай хууль өөрчлөгдөөгүй. Гэсэн хэр нь УИХ-ын сонгуулийн тойргийг зурсан шиг тойргийг томсгосон. Ямар үндэслэлээр дүүргийг томсгож нэг дүүрэг болгосныг мэдэхгүй байна. ИТХ-ын сонгууль хуучин хуулиар болж байгаа нь реформ дутуу хийгдсэн болж таарч байна. Энэ нь иргэн хүн нэр дэвшээд сонгогдоход ээлгүй тогтолцоо байгаа юм. Тухайлбал, сонгуулийн зардлыг нэмэгдүүлж байгаа. Сонгуульд их мөнгө зарсан хүн дараа нь бидний боломжоос төдий чинээг авна л гэсэн үг. Ийм энгийн логик үйлчилж буй.
Ер нь бүх шатны сонгууль ижил тогтолцоогоор явах ёстой. Ингэснээр засаглал хувааг тогтолцоо зөв системд орно.
-Улс төр дэх иргэдийг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Ардчилсан, олон намын тогтолцоотой улсад иргэдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэх платформ бол улс төрийн нам л байдаг. Харин манай намууд тэр зарчмаар үйлчилж байгаагүй. Улс төрийн намын тухай шинэ хуулиар улс төрийн намуудыг төрөөс санхүүждэг болсон. Бидний татвар төлсөн мөнгөөр улс төрийн намууд санхүүжнэ. Иймд бид оролцоогоо сайжруулах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)