Бид та бүхэнд хайрын тухай хамгийн гоё 24 шүлгээр бэлэг барьж байна.
Зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо
Чамд би "Хайртай" гэж хэлэхгүй.
Чиний төлөө үхэхгүй.
Чин хайрын төлөө
Үг ч багадна.
Чиний төлөө
Үхэх ч багадна.
Гагцхүү чамдаа би
Гарцаагүй надад олдсон
Ганцхан хувь заяагаа өгнө.
Тэгээд
Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж
Тэнгэрийн өргөн нарыг аргамжиж
Чиний төлөө амьд явна.
Эмч, яруу найрагч Б.Болдсайхан
Хойд нас гэж байдаг юм бол
Гарыг чинь гуйх болно
Галыг минь асааж өгөх үү чи?
Галзуу догшин дайчин болж төрвөл би
Бэр цэцэг нэгийг өвөртлүүлээч
Би чиний төлөө амьд ирнэ гэж гуйна, хүлээх үү чи?
Хаана ч юм холын оронд төөрөөд төрчихвөл
Халх Монголын зүг хамтдаа тэмцэе гэж гуйх болно
Нутгаа санасан морьд шиг хамт гүйх үү чи?
Холын одонд аялсан ирээдүйн цагт төрвөл
Хамт нисье гэж гуйх болно
Хоёулхнаа оддын зүгт хамт нисэх үү чи?
Хүмүүн биеийг ололгүй заяа төөрч
Хар Азарганы нуруунд цагаан уул болон төрвөл
Хамтдаа нэгэн зун хөтлөлцөн ургаад хагдарч чадах уу чи?
Нарны гэрэлд унтаж сарны гэрэлд сэрдэг
Сэцэн Хан уулын сэрүүн салхи болж төрвөл би
Хатан Туулын шивнээ шиг хөөрхөн сэврээ болж хамт зугаалах уу чи?
Энэ насанд сэтгэлд хөлдсөн үйлийн үрээр
Эсгим хүйтэн өвөл болж төрвөл би
Энгэрийг минь гэсгээх эхний яргуй болж ханзрах уу чи?
Зүрхэлж хэлээгүй хайрын үгс хальж
Зүйрлэшгүй яруу шүлгийн мөрүүд болон төрвөл би
Уртын дуу шиг аялгуу болон түрж хүмүүний сэтгэлд уянгалах уу чи?
Хойд нас гэж байдаг юм бол
Гарыг чинь гуйх болно
Галыг минь асааж өгөх үү чи?
Яруу найрагч Ц.Доржсэмбэ
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна.
Чамтай л норсон бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна...
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө
Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов
Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү
Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов
Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр гур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагийн санаашралд гуниглах нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа.
Яруу найрагч О.Элбэгтөгс
Элж хорогдсон он жилүүд утасны модон дээр
Элээ шиг сууж орон зайг хэмжихэд
Танай цонхон дор тоглож байлаа.
Эрх чөлөөний баяраар тэнгэрлүү өндөг шидэж
Эргүүлийн цагдаад торгуулахдаа
Танай цонхон доор тоглож байлаа
Хаа сайгүй тараан шидлэх зарлалын хуудсан дээр
Хамтдаа утасныхаа дугаарыг бичихдээ
Танай цонхон доор тоглож байлаа
Хар өглөөгүүр Дундговийн шууданд сууж
Халаасанд чинь захиа үлдээгээд явахдаа
Танай цонхон доор тоглож байлаа.
Шүлэг бичихгүй байх нь хамгийн том нүгэл гэж
Шүгэлсэн чөтгөрөө зөвтгөхдөө
Танай цонхон доор тоглож байлаа
Удахгүй хоёулаа Парис явж бороо захиална гээд
Учиргүй их инээлдэж Сабринагийн зургийг хананд өлгөхдөө
Танай цонхон доор тоглож байлаа
Өдөр хоногууд үүл шиг цуван өнгөрч
Өрөөнд минь бударсан цас хүртэл чамайг санаж хайлхад
Танай цонхон доор тоглож байлаа.
Өөр газраар тэнэж сургийг чинь гаргаад
Өмнөдийн тогоруутай хамт диваажинруу одсоныг сонсоод
Танай цонхон доор тоглож байлаа.
Өөдгүй сарыг зүхэж өвчин зовлонд баригдаад
Таазнаасаа олс унжуулж, боож үхэхээр зэхэхдээ
Танай цонхон доор тоглож байлаа.
Танихгүй хүмүүс тагтаа шиг дэргэдүүр нисэж
Тархи толгойд дэмий бодлууд шоргоолж шиг үймхэд
Танай цогхон доор тоглож байлаа
Хамгийн захирагч бурхан бидэнд
Хангалттай амьд явах хугацааг өгсөн болохыг мэдээд
Танай цонхон доор тоглож байлаа...
Яруу найрагч Б.Баясгалан
Жаргаж явахдаа хааяахан гаргаж харж баймаар
Сайхан гүн шархтай боллоо, баярлалаа.
Ийм шархны ард бас жаргаж чадна гэж боддог
Эрмэг хүн ирмэгээсээ жаахан л эмтэрлээ, зүгээр ээ.
Гунигтайдаа хувааж татсан тамхины иш шигээ
Гудамжинд хөглөрөөд л үлдэх дурсамжууд бид бүтээжээ.
Агаарт нь хүртэл чиний үнэр шингэсэн энэ хотыг
Ардаа үлдээж түвдэлгүй өдийг хүрлээ, явна аа.
Санаж гэгэлзэхээрээ гаргаж харж баймаар
Сайхан дурсамж бидэнд ховор шүү дээ, гайхмаар аа
Уулзахсан, харахсан гээд зориод ирье гэхнээ
Улаанбаатарын гудамжууд аанай л хоосон шүү дээ, гашуун аа.
Яруу найрагч Ц.Дэлгэрмаа
Харц тулгарсан минь
Хаа ч билээ...
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн
Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л...
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан...
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л...
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий...
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл...
"Гомдох эрхгүй сэтгэл" - Яруу найрагч Л. Ганзул
Эгшиглэнгийн цэнхэр ертөнцөд надаас холдох гэхдээ
Эхлээд чи гараараа алгадсан
Үүлэн нүүхийн хоромд эргээд ирэхэд минь
Үгээрээ алгадсан
Сарны гэгээ залгин халамцаж хоноход
Салхиараа алгадсан
Сул аялгуу шүлгэндээ бөмбөрүүлж алс суухад минь
Сургаараа алгадсан
Хачин их саначихаад хавраар зочлоход минь
Харцаараа алгадсан
Намрын дунд сарын билэгт өдөр харин
Намайг чи сүүлчийн удаа тоосоороо алгадсан
Чандага цагаан орчлонд хүнийх болохоосоо өмнө
Час улаахан гэрэлтэй зовлон байсан чи
Шар дурдан гуниг энгэрт нэвчүүлээд одохдоо
Шаналан туучин ирдэг жаргал болсон чи
Дэндүү ариун хайрыг минь чи
Дэлхийгээр нэг цацаагүйсэн бол
Эвийлэх ганцхан ижийгээ мартан чамайг хайрлаж
Энэ орчлонд би нүгэл үүрэх байж дээ
Чамд би гомдох эрхгүй...
Яруу найрагч Э.Доржсүрэн
Чамайг л байхгүй бол
Би үхнэ гэж боддог
Цээжээ ганцаардлын цогоор хучаад
Шатна гэж боддог
Орхиод явбал чинь гомдож
Орчлонгоор дүүрэн хашгирна гэж боддог
Өөрт чинь сонсгоно гэж боддог
Чамд зориулсан шүлэг бүхнээ
Хамгийн сүүлд үлдсэн итгэлтэйгээ
Цугт нь урна гэж боддог
Ахиад хэзээ ч уулзахгүй гэж боддог
Тэнгэрийн гүнрүү ниснэ гэж боддог
Тэндээ үүрд нуугдана гэж боддог
Нэрээр минь дуудан хашгирахад чинь
Уйлахад чинь хүртэл
Гарч ирэхгүй гэж боддог
Гомдоно гэж боддог
Хатуурхана гэж боддог
Чамайг л байхгүй бол
Би үхнэ гэж боддог
Ойлгомжгүй ийм л нэг шүлэгчийг
Орхиод явахгүй гэдэгт чинь итгэдэг болохоор
Одны нүдэн дотор байшингаа бариад
Огторгуйг бутартал хамт амьдрана гэж боддог...
Яруу найрагч Б.Хургаа
Би чамайг даараасай гэж боддог
Даарсандаа над дээр ирж гараа дулаацуулаг.
Би чамайг өвдөөсэй гэж боддог
Шархалсан зүрхээрээ эм найруулж өгөе тэгээд чи эдгэг.
Би чамайг уйлаасай гэж боддог
Үерлэсэн нулимсаар чинь ядаж хатсан сэтгэлээ дэвтээе
Би чамайг уйтгарлаасай гэж боддог
Бага ч болов чиний сэтгэлд орон зай болон үлдэе.
Би чамайг үхээсэй гэж боддог
Өөрийн болгож чадаагүй биеийг чинь чандар болгон шатаагаад
Өөр ертөнц дээр оччихоод ганцаардал дунд ирээч гэж хашгирахад чинь
Өөрөө би цогцос болон газарт уусаад
Очсон газарт чинь хоёулхнаа л үүл болон жаргана
Чи үхээсэй.
Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа
Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би чамд ээмэг цохиуллаа
Би чихэнд чинь өөрөө зүүж өгье!
Ингээд чи минийх боллоо
Ээж маань бас залуу боллоо
Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно
Эхдээ зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно
Нууцаар хэзээ ч битгий нулимс унагаарай
Надад хэлээрэй нулимсыг чинь арчих болно.
Яруу найрагч Ж.Оргил
Намрын ой
Адил сэтгэлд тань
Түлээчин шиг
очсоныг уучлаарай.
Нар салхины
үнэрт согтоод
Хаа буйгаа мэдсэнгүй.
Ширхэг өвсийг тань хөндөж
Анирыг эвдэхгүй гэхдээ
Сэмээрхэн явсан минь
Гэмтэн шиг санагдуулсан байх.
Уйлахдаа чи
Улам үзэсгэлэн нэмэх ч
Уйтгарлан дүнсийх чинь
Сүүдрийг хүртэл жиндээх юм.
Өөрөөс минь болж
Өвөл болохыг чинь тэвчихгүй ээ.
Тэнгэрээс олс унжуулаач дээ
Тэгвэл чамд үнэнчээ үзүүлье
Хайрт минь.
***
Удах тусмаа улам амттай болох дурдатгал
Уй гунигийн хөлгүй тэнгис минь..,
Эрэг дээр чинь хэдий удаан зогсоно, төдий чинээ давалгаалах
Эмзэг минь, эзэмшил минь!
Хөвөөн дээрээс чинь шүлэг шүүрдэн суухнээ
Хүмүүсээс хол юутай амгалан,
Хүрсэн газар дээрээсээ хүрэх алсаа ширтээд л
Хүүхэд насаа хичнээн л бол хичнээн эрхлүүлэх..,
Залуу насны оргилуун хүсэл, гэгээн гунилаас чи бүтсэн
Зах хязгаар, туйлдал гэж чамд үгүй ээ..,
Зам хөндлөн гарахдаа ч
мөрөөдөж явдаг байсныг минь бусдад хэлэх гэж
Зуу зуун жил амьдраарай чи минь!
Яруу найрагч Л.Бямба-Цэрэн
Чамайг харахаар
Цээжээр мэддэг бүх шүлгийн
Хамгийн сайхан нь
Санаанд ордог
***
Толь шиг тунгалаг хоёр нүд чинь
Том нэгэн чинжаалын иртэй юм
Тольдох дуртай сэтгэл минь
Исгүүлэх бас дуртай юм.
Яруу найрагч Г.Хашбаатар
Цас ороод дуусчихсан уу
"Цас" романаа уншаад
дуусгачихсан уу
Би цас байсан ч болоосой
Ном байсан ч болоосой.
Бэлдэж үлдээсэн түлээ минь дуусаад
Биедээ баймгүй хүчээр
чи минь сүх өргөнө үү
Эвлүүлж бичсэн шүлэг минь сүх өргөх хүчгүйд
Энэ л холд би биеэ зүхэн сууна.
Зун цагийн сүр бардам халгайнд
Зорьж очих шувуу ч үгүй үзэгддэг.
Зулгарч унасан намар нь нохой шээхийг үзэх нээ
Зуурдын бүхний өмнө амьд болгон хүчтэй.
Хуучин дээврийн хар цаасыг хучиж ордог цаснаар
Худлыг ч гэсэн аажмаар хучиж дарах цаснаар
Дүнсийгээд биесээ ширтэх хоёр улиасны хооронд
Дүүжин ор ганцаар салхинд савлах
Өвлөөр
Элс нь хатуу, чулуу нь зөөлөн, цас унадаггүй газарт,
Эгнэт хайртай бүхнээ
Санах нь хатуу, нулимс зөөлөн, цас шиг будрах би.
Иртэй сүх нь мохоо үг шиг байна уу?
Илчит галандаа чи минь гараа ээж сууна уу?
Би сүх байсан ч болоосой
Гал байсан ч болоосой.
Яруу найрагч Ч.Ренчиндорж
Нүд минь нүдээ аних минь
Чамдаа хүрэх хамгийг дөт зам
Нүд минь нүд аних минь
Чамаасаа хагацах хамгийн дөт зам…
Яруу найрагч М.Дэвээжаргал
Учралын монолог
I
Амьдралдаа хариг хориг харь хүн шиг би!
Гэвч
Амжиж хайрыг нь ч, хорыг нь ч хүртэх хүсэлтэй!
Сүүлчийн удаа гэж надад огтоос үгүй
Зөвхөн ганцхан удаа үзүүлэх эрэмгий дүр л гэж бий.
Хүйтэн шуурга энгэр ороогоод ирэхэд
Энхэр зүрхийг минь таньдаг чи хэрэгтэй!
Хүний л адил уймран байгаа өдрүүдээс
Эргээд алхах зам чамд л хүрэх учиртай
Тэгэвч
Амьдралд хэн хэнээсээ илүү бардам
Ахиад учрахгүй байсан ч зүгээр дээ…
II
Энэрэнгүй үгээр эвийлэн үнсэвч
Эргээд уулзахдаа сүүдрээ нөмөрнөм
Сэтгэл сүмийн хонх шиг жингэнээд л
Сайхан гэгээн дүрийг чинь дуулнам
Цаг хугацааны сүр хүчинд итгэж
Эдгээхийг хүссэндээ л өршөөл эрсэн
Энэ амьдралын манан дунд биесээ орхиод
Цантай үгийг нулимсны халуунаар арчсан
Дурсамжийн гэрэлд дүрэлзэн шатлаа ч
Дурлал гэдэг зугаа л байлаа
Учирсан, хагацсан үнэн мөрүүдийн ард
Уужрал гэж итгэсэн хөндүүр л үлдлээ
III
Одоо л чи ороод өнгөрсөн бороо шиг мартагдаасай
Одоо л чи огт ороогүй бороо шиг санагдаасай…
Яруу найрагч Д.Баттогтох
Чиний, бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний, нар ичээсэн харц чинь
“Дөрвөн уул”-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм.
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.
Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг үнэртэж байсан,
Аньгсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон
Гараас минь атгаж “Одоо л чамайг оллоо” гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан.
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм
Чиний сул асгарсан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм.
Яруу найрагч Б.Явуухулан
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бэдэрлэнэ
Хайрын хүчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй юм чи
Гүнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрах юмсан
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна.
Яруу найрагч Б.Эрдэнэсолонго
Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
Чи яг ус шиг Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй
Чи яг зун шиг
Хөл чинь өвс шиг
Хөх чинь үүл шиг
Нүдээ аниад, хөлөө өргөөд
Өндөрт хөвөх
Үүлэнд хүрэхэд
Хурууны үзүүрт
Хүүхдийнх шиг зөөлөн арьс
Жигд бус цохилох
Зүрхний хэмнэл мэдрэгдэнэ.
Чи яг зун шиг
Чи яг шөнө шиг
Чиний хаашаа ч харсан гүн харанхуй
Тиймээс одоо болтол чамайг хэн гэдгийг
Би мэдэж чадахгүй байна
Надад туслаач зун аа, шөнө өө
Чи яг зун шиг
Чи ном шиг
Чи
Би чамайг уншихын тулд төрөлхийн сохор
Эсвэл сохорсон, бас дүлий байх ёстой…
Чиний гоо үзэсгэлэнг мэдрэхийн тулд
Би чамайг өмнөх ширээн дээрээ тавиад
Хамгийн түрүүнд хуруугаараа тэмтэрч үзнэ.
Нүдээрээ биш, яг ч хуруугаараа биш
Түүний дараа төрөх мэдрэмжээ
“Чи яг зун шиг” гэж нэрлээд
Цаасан дээр буулгана.
Яруу найрагч Г.Аюурзана
Даанч эрт би амьдарлыг таньсан
Дахиад урагш алхах ганцхан зай бий
Энэ бол бүсгүй хүн!
Дэндүү эрт би сониуч нүдээ аньсан
Дэлхий тэмтрэх ганцхан зам үлдсэн
Тэр бол бүсгүй хүн! Хичнээн шунгаад ч ёроолд хүрэхгүй
Хэзээ ч ёроолд нь хүрэх гэж шунгахгүй цүнхэл хүн
Бүрлэн сартай арваадхан насанд минь
Бүртийж ургаад гэнэдсэн
Торон цагаан гивлүүр цаанаас цоргиход нь
Тохойг нь надаас өөр хүн түшсэн
Бүсгүй хүн!
Яруу найрагч Л.Өлзийтөгс
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан...Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.
Яруу найрагч Ц.Хулан
Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай
Чийр болсон алдар хүнд чихний ээмгээ тайлаад
Чиний л хайртай бүсгүй болж дээлээ нөмгөлөх дуртай Аяга таваг зууж айлын эхнэр шиг загнаж
Ардын дуу аялахдаа худлаа бадаг нэмж
Амгалан нойрсох чиний л өврөөс гулссаар
Аярхан босож цонхоор ширтэх дуртай
Хэн ч мэдэхгүй миний энэ аз жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний энэ аз жаргалыг
Чамаас өөр хэн ч нурааж чадахгvй ээ...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (8)