Амьдралынхаа талаас илүү он жилийг сэтгүүлзүйн салбарт зориулж, зовлон жаргалыг нь үүрэлцэж, зориг итгэлийнхээ галыг тулганд нь харамгүй өгсөн эрхэм нэгэн идэрхэн насандаа тэнгэр зүг одлоо.
"Сэтгүүлч хүн зүрх сэтгэлдээ ойрхон явах хэрэгтэй" хэмээх үг бий. Энэ л үгийн эзэн болж, дуусашгүй эрмүүн зүтгэл, эрэлхэг сэтгэлээр бидний дунд оршиж асан нэгэн бол тунгалаг нүдэт, цээл дуут Ө.Отгонбаатар билээ. Хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөс эхэлсэн тэртээ холын замын гэгээ шударга үнэний дуу хоолой болон цуурайтсан нь, 10 дахь жилдээ ТВ5-аар овоглож, дэлгэр монгол орныхоо ард түмэнд мэдээллийн хөтөч хийж, телевизийн салбарын ч "тод од" явсан нь цаг хугацааны эргэлтэд арилшгүй ул мөр болон үлдэх нь үнэн буй за.
Хаана жинхэнэ сэтгүүл зүй байна, тэр л зүгт алхаж, хаана жинхэнэ сэтгүүл зүйг умартаж байна, тэнд л тэр үгээ хэлэн зогсож, өөрчлөхийн төлөө явж ирснийг өдгөөгөөс арав гаруй жилийн өмнөх "Сэтгүүлчийн урлан" нэвтрүүлгийн ярианаас олж харсан юм.
Үзэгний үзүүрт торсон үнэн хүн бүрийн дотор, нийгмийн харанхуй хэсэгт хүртэл гэрэл асааж чаддаг билээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тийм л үнэний төлөө цог золбоотой, итгэл үнэмшилтэйгээр алхаж байв. Хэвлэлийн эрх чөлөөний төлөө үгээ хэлж, үзгээ хурцалж байсан түүний хичээл зүтгэл зөвхөн сэтгүүлчдийн эрх ашиг бус Монголын ард түмний эрх ашгийн төлөө байсан нь гарцаагүй. Тэр бол үүргээ ухамсарласан сэтгүүлч, удирдагч байлаа.
"Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой. Хэн нэгний халаасанд багтаж, улс төрд үйлчлэхгүйн төлөө ажиллах болно" гэсэн зоригт хүмүүний дуу хоолой бол Ө.Отгонбаатарын үнэн юм. 1951 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн МСНЭ-ийг удирдах эрхэм жилүүдийн өмнө ч тэр хүнээрээ л байв.
Сэтгүүл зүйн салбарын "Мөнхийн залуу Ө.Отгонбаатар" хэмээн үүрд дуурсагдах амьдралыг элэгсэг дотно, даруу төвшин, уужуу талбиун араншингаараа хэн бүхний сэтгэлд үлдээн одлоо, Та.
Сайн төрлийг олж, сайхан Монгол орондоо эргэн төрөөрэй, Та.
24tsag.mn сайтын редакц
Сэтгэгдэл (3)