ЭШЛЭЛ 1
Хууль зөрчсөн үйлдэл: Өчигдөр хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн байгууллагын илтгэх хуудас хэлбэрээр бичигдсэн мэдээлэл 21 цаг орчмын үед цацагдсан. Энэ асуудал бол зөвхөн хохирогчдын хувийн мэдээлэлтэй холбоотой зүйл биш юм. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хүчтэй зөрчсөн үйлдэл юм. Ийнхүү мэдээлэл цацсан явдал нь эрүүгийн хуулийн 13.10, 13.11 дүгээр зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг. Албан тушаалийнхаа хүрээнд олж авсан мэдээллээ задруулсан бол тав хүртэлх жилийн хорих ялтай. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.
ЭШЛЭЛ 2
Нууцад хамаарах мэдээллүүд: Энэ мэдээлэлд дурдсан зарим зүйл нь Цагдаагийн байгууллагад байхгүй мэдээлэл байсан. Мөн зөвхөн Цагдаагийн байгууллагад байдаг мэдээллүүд ч байсан. Тухайлбал, нууцад хамаарах мэдээллүүд. Жирийн иргэн тэр мэдээллийг авах ямар ч бололцоогүй. Хувь хүний мэдээллийг хэн ч задруулж болохгүй. Иймд задруулсан хүнийг олж, хуулийн хариулага хүлээлгэнэ.
ЭШЛЭЛ 3
Хамгаалалтад авах хүсэлт: Мэдээлэл хийсэн байлдагчтай холбоотойгоор иргэдийн санаа зовинол их байна. Тус иргэнийг Хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална. Шаардлагатай бүх тусламж дэмжлэгийг үзүүлнэ. Хохирогчтой биечлэн уулзаж, хамгаалалтад авах хүсэлт тавьсан.
ЭШЛЭЛ 4
Хариуцлага тооцно: Хэргийн оролцогч нарт хууль сануулж гарын үсэг зурдаг. Хохирогч, сэжигтэн, гэрч, шинжээч этгээдүүд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг задруулахгүй гэх гарын үсэг зуруулдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд ингэж заасан. Харин мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг ярьсан бол хууль зөрчсөн гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг алба хаагчийн алдаа биш, цаашлаад ЦЕГ-ын удирдлагуудын түвшинд хариуцлага тооцно.
ЭШЛЭЛ 5
Албан ёсны тоо: 700 гаруй иргэн угаартаж амиа алдсан гэх тоо бол албан ёсны Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс гаргасан тоо. 2017 оноос хойших тоон мэдээлэл юм. Дахиж эрдэнэт хүний амь нас хохирохгүй байхын төлөө тал талдаа анхаарах шаардлагатай байна.