Азийн хамгийн том лигүүдийн аварга багуудын нэгтгэсэн Зүүн Азийн Супер лигт (East Asian Super League-EASL) МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025 оны аварга баг оролцохоор болсон билээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу 03 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд Макао хотод энэ улирлын аваргын тоглолт болж 2025 оны Зүүн Азийн Супер лигийн аварга багаар Япон улсын Хирошима Драгонфлайрс баг аварга боллоо.
Финалын тоглолтын үеэр Азийн сагсан бөмбөгийн чуулга уулзалт зохион байгуулагдсан ба МСБХ-ны төлөөлөгчид чуулга уулзалтанд урилгаар оролцлоо.
Мөн тус чуулганы үеэр Зүүн Азийн лигийн Зөвлөх зөвлөлийн хурал (Advisory Board) болж тус зөвлөлийн гишүүнээр Монгол улсыг төлөөлж МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Самбуугийн Төгсжаргал ажиллахаарболлоо. Энэ нь Олон улсын лигийн тэмцээний зөвлөлд Монгол улсаас төлөөлөгч ажиллаж буй анхны тохиолдол болж буй юм.
МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025 оны аварга баг нь Зүүн Азийн Супер лигийн 2025-2026 оны улиралд БНСУ-ын KBL лигийн аварга баг, Филиппиний PBA лигийн дэд аварга, Японы B лигийн Хирошима Драгонфлайрс багуудтай нэг хэсэгт орохоор болжээ. Ирэх улирал дээрх Азийн шилдэг багууд Монгол улсад ирж тоглох ба сагсан бөмбөг сонирхогчид Азийн топ багуудын тоглолтыг эх орондоо үзэх боломжтой болж байна.
Мөн Японы лигийн төлөөлөгчид Монгол улсаас тоглогч авах сонирхолтой байгаагаа илэрхийлж хоёр тал хамтран ажиллахаар болжээ.