Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр буюу 2025 оны 02 сарын 10-нд 08:00 цагт боллоо. Хуралдаанаар Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан энэ онд зам тээврийн салбарт хэрэгжих бүтээн байгуулалтын ажлууд, бодлого чиглэл, зарчмын асуудлуудыг тодорхой дурдаад, ЗТЯ-ны газрын дарга нарт болон харьяа байгууллагын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Мөн ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Төрийн Захиргаа Удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, холбогдох дарга нарын хамт Зам тээврийн яамны газар хэлтсүүдийн үйл ажиллагаа, алба хаагчдын ажилтай өнөөдөр биечлэн танилцаж, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч ажлаа шахаж ажиллана гэдгийг онцлон хэллээ.
Шуурхай хуралдаанаар салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд, сайдын шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Мөн ЗТЯ, харьяа газрын дарга нарт дараах үүрэг чиглэлийг өгөв.
АГААРЫН ТЭЭВЭР:
Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд Өмнөговь аймаг, Даланзадгад чиглэлийн нисэх буудлын аэродромд их засвар хийх, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах ажлыг богино хугацаанд хариуцлагатай, чанартай хийхийг үүрэг болгов. Аялал жуулчлалын сезон эрт эхэлсэн тул энэ ажлын гүйцэтгэлийг 2025 оны зургадугаар сарын 1-15-ны хооронд хийж дуусгахыг анхаарууллаа.
АВТО ЗАМ:
2025 онд авто замын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлууд болон өнгөрсөн онд хэрэгжсэн төслүүдийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулахыг Зам, тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаад үүрэг болголоо.
Тэр дундаа гадны хөрөнгө оруулалттай ажлууд, гадаадын зээл тусламжаар баригдах авто замын томоохон төсөл хөтөлбөрүүдийг салбарын сайд болон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргаа удирлагын газар, холбогдох Ажлын хэсэгт тодорхой танилцуулж, Засгийн газраас баримталж буй бодлого шийдвэрийн дагуу үр ашигтай автозам барих бодлого дээр төвлөрч ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Мөн өнгөрсөн онд авто замын салбарт хэрэгжсэн төслийн ажлуудад төсөв санхүүжилтээ урьдчилаад авчихсан хэрнээ одоо болтол ажлаа эхлээгүй компаниуд байна. Эдгээр байгууллагуудын талаарх мэдээллийг танилцуулж, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлж хариуцлага тооцож ажиллахыг сануулав.
ТӨМӨР ЗАМ:
Монгол Улсын Засгийн газраас "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэх, чиг үүргийн давхардлыг бууруулах ажлын хүрээнд байгууллага тус бүрийн дарга нар бүтэц орон тооны нарийвчилсан судалгаа мэдээлэл, давхардлыг арилгах асуудлыг шуурхай зохион байгуулж, ажлаа шахаж ажиллахыг үүрэг болголоо. Энэ ажилд Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт хяналт тавьж ажиллахыг үүрэгдэв.
Төмөр замын салбарт бүртгэлтэй үхмэл хөрөнгийн талаарх мэдээллийг танилцуулах, барилгын ажлын явцыг нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг ЗТЯ-ны Төрийн Захиргаа Удирдлагын газарт чиглэл болгов. Төрийн зардлаар барилга байшин түрээслэх асуудлыг зогсоож, төр аль болох цомхон бүтэцтэй, бага эд хөрөнгөтэй, чанартай хариуцлагатай, хурдан шуурхай ажиллах ёстойг цохон тэмдэглэв.