Зэрлэг амьтны эд эрхтэн, түүхий эдийг худалдан авахгүй байхыг анхааруулжээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 13-ны байдлаар Улаанбаатарыг тойрсон хяналт шалгалтаар нийт 59 үйлдлийг илрүүлснээс гэмт хэргийн шинжтэй 10, зөрчлийн шинжтэй 49 байна.
Тодруулбал, хотон шувууны эд эрхтэн, тарвага, чонын арьс, эд эрхтэн, зээр, хойлог, янгирын эвэр, зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэж явсан гэх мэт үйлдлийг илрүүлжээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, торгоно” гэж заасан.
Мөн амьтан барьсан, агнасан, тээвэрлэсэн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар “Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэсэн. Энэ дагуу 820.0-880.0 мянган төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлдэг. Жишээлбэл тарвагыг эр эмээс нь хамаарч 410-440 мянган төгрөгөөр үнэлсэн байна.
Харин энэ үйлдлийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр үйлдсэн бол 5.4-27.0 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Иймд ховор амьтан ургамлын зүйл тэдгээрийн гаралтай эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, тээвэрлэх, худалдан авахгүй байхыг иргэд олон нийтэд Экологийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв.