УИХ-ын гишүүн Б.Батбаатар Бүгд найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Андрес Рикеныг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар, 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, дэд даргаар миний бие ажиллаж байна. Хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нягт, үр дүнтэй үргэлжилж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд парламентын зүгээс дэмжин ажиллахад бэлэн байна. Эрхэм Элчин сайд Та хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна гэв.
Элчин сайд Андрес Рикен, Австрийн Засгийн газар хараахан бүрэлдэж амжаагүй байгаа учраас одоохондоо манай улсын парламентад Австри-Монголын парламентын бүлэг байгуулаагүй байна. Нэн удахгүй улс төрийн нөхцөл байдал тогтворжиж, хоёр улсын парламентын бүлгийг байгуулж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно.
Манай хоёр улс ойн аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломжтой. Цаашид миний бие Монгол Улсад тогтмол хугацаанд ирж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээн ажиллах болно гэв. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Австрийн парламентын бүлгийн гишүүн Ш.Бямбасүрэн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.