АНУ-ын Холбооны Прокуророос өнгөрсөн даваа гаригт хоёр этгээдийг “Туркийн талд хууль бусаар үйлчилсэн” хэмээн буруутгажээ. Дээрх хоёр этгээд нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шадар туслах, зөвлөх Майкл Т.Флинний бизнесийн хамтрагчид байсан нь хуулийнхны анхаарлыг татаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр этгээдийг баривчилснаар Майкл Т.Флиннийг энэ хэрэгт буруутгах хангалттай үндэслэл бүрдсэн гэж Прокуророос гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Дээрх гурван этгээд нь Туркийн эрх баригчдаас, тодорхой хэлбэл Р.Т.Эрдоганаас их хэмжээний мөнгө авч, хариуд нь АНУ-д дүрвэж гарсан дайснуудыг нь шилжүүлж өгөхөөр амласан байна. Гэрээний утга нь дээрх гурав АНУ-ын эрх баригчид болон олон нийтийн санаа бодлыг Фетхулла Гюлений эсрэг эргүүлж, улмаар Туркт шилжүүлэн өгөх явдал байжээ.
Прокурорын өгүүлснээр, 2016 оны намар, М.Флинн Д.Трампын сонгуулийн кампанит ажлын гол зохион байгуулагч, зөвлөх байх үедээ ажил хэргийн хамтрагч Биджан Киан нар Туркийн эрх баригчдаас олон зуун мянган ам.доллар авсан байна. Хариуд нь тэрс үзэлтэн Фетхулла Гюленийг Туркт шилжүүлж өгөх асуудлыг Анкарад ашигтай шийдэхээр амласан байна. Энэ нь нэг есөндөө АНУ-ын төрд Туркийн лоббиг хийх агентын үүрэг авсан хэрэг гэдгийг Прокурорын мэдэгдэлд тодорхой дурдсан байв.
АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт мэдээлэл хийж, турк гаралтай АНУ-ын иргэн Камил Эким Алптекин гэгчийг Фетхулла Гюленийг Туркт шилжүүлэн өгөх асуудалд анхаарч ажиллаж байсан хэмээн буруутгасан. Энэ мэдээллийг Прокурор баталгаажуулсан гэж ойлгож болох юм. Энэ этгээд АНУ-д Туркийн ашиг сонирхлыг хамгаалдаг нэгэн байсныг Прокурор эцэслэн тогтоогоод байна.
Туркийн эрх баригчид өмнө нь Фетхулла Гюленийг шилжүүлж авах асуудлыг сөхөх бүрт АНУ-ын хуулийн байгууллага татгалзсаар ирсэн. Анкарагийн зүгээс хэдий хүчтэй дарамт шахалт үзүүлж байсан ч энэ байр сууриндаа бат зогссоор ирсэн. Гэвч АНУ-ын дотоодод Ф.Гюлений талаар хэт даврагч этгээд гэсэн утгатай сөрөг мэдээллүүд үе, үе тодорхой давтамжтайгаар цацагддаг байсан нь цаанаа Туркийн мөнгөөр санхүүждэг байсан нь ийнхүү ил болж байна.
Прокурорын хэлснээр бол, гаднын Засгийн газар Флиннд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ф.Гюленийг АНУ-д шилжүүлж өгөхөд бэлтгэх ажилд түлхэц өгч чадахуйц нөлөөтэй нэгнийг олж, хооронд нь холбож өгсөн гэнэ.
Майкл Флинн өнгөрсөн жил компанийнхаа Турктэй хамтардаг асуудлаар өгсөн мэдүүлэгтээ худлаа ярьж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлогын зөвлөх Роберта С.Мюллера III-тэй тохиролцоо хийн, хуулийн байгууллагатай хамтарч ажиллахаар тохирсон. Чухам энэ үеэр өгсөн түүний мэдүүлгүүд л Алптекин, Киан нарыг буруутгах баримтуудыг гаргаж өгсөн нь тодорхой. Гэхдээ даваа гаригт гарсан мэдэгдэлд дээрх хоёроос гадна Майкл Флинн энэ хэрэгт ямар чухал оролцоотой байсныг дэлгэж өгснөөрөө онцлогтой байлаа.
Прокуророос гаргасан дүгнэлтэд өгүүлснээр бол, Майкл Флинн Фетхулла Гюленийг буруутгасан мэдэгдэл хийнэ.Үүн дээр дөрөөлж хэвлэлээр Ф.Гюленийг хараар будах ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулахаар тохирсон. Туркийн Засгийн газар үүнийх нь төлөө М.Флиннд 600 000 ам.доллар төлсөн байна. Энэ мөнгө Алптекиний мэдлийн компанийн дансаар дамжин М.Флиннд очсон байна.
Киан, Алптекин нарыг гадаадын агентын үүрэг гүйцэтгэсэн хэрэгт буруутгасан бөгөөд Алптекиний хэрэг дээр худал мэдүүлэг өгсөн гэсэн бас нэгэн зүйл анги нэмэгдэж байгаа юм байна.
Биджан Киан өнгөрсөн даваа гаригт Вашингтон мужийн Александрия хотод байх холбооны шүүхэд анх удаа ирсэн байна. Харин Алптекин нь Туркт байсаар буй. Алптекин бол 2017 онд Д.Трампын “Trump's Washington” зочид буудалд АНУ-Туркийн харилцааны асуудлаар хурал зохион байгуулж байсан бөгөөд энэ үеэр Дюпон-Сёрклын ойролцоохь Туркийн ЭСЯ-ны байрны гадаа эсэргүүцэгчид цуглан Туркийн хамгаалалтын албаныхантай мөргөлдөөн үүсгэж байв.
Алптекиний хэвлэлийн төлөөлөгч Молли Тумигийн хэлснээр бол, Алптекин эхлээд Туркийн эрх баригчдыг М.Флинний “Flynn Intel Group”-тэй холбохыг хүсч байсан ч ийм зүйл болоогүй. Тиймээс өөрөө уг компанитай хамтарсан гэнэ. “Эким энэ мэдүүлгээ нэг ч удаа өөрчилж байгаагүй. Энэ төсөлд Туркийн эрх баригчид оролцоогүй гэдгийг тэр анхнаасаа хэлж байсан. Тиймээс энэ хэргийг хариуцагч нь Туркийн эрх баригчид биш, гагцхүү Алптекин, түүний компани юм. Тэр л энэ ажлуудыг зохион байгуулж, мөнгийг ч бас төлсөн” хэмээн М.Туми онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын Хууль зүйн яам, Мюллерийн сүүлийн хэдэн сард явуулж буй энэхүү мөрдөх ажиллагаа нь гаднын улс орнууд өөрийн тагнуулуудаа ямар ч асуудалгүйгээр олж авч чаддагийг харуулснаараа онцлогтой болж байна.
Мөн Д.Трампын зөвлөх байсан Пол Манфорт, Рик Гейтс нарын Украинд явуулсан ажиллагааг Мюллер саяхан эрс зэмлэн буруушаасан, Хууль зүйн яам ОХУ-ын талд тагнуул хийдэг эмэгтэйг барьж, гэм бурууг нь нотолсон зэрэг нь АНУ-ын хуулийн байгууллага энэ асуудалтай эрс шийдвэртэй тэмцэж байгааг харуулах нэг үзүүлэлт юм гэсэн санааг хэвлэлүүд илэрхийлж байна.
М.Т.Флиннийг ирэх мягмар гаригт “Хуулийнханд худал мэдүүлэг өгсөн” хэрэгт буруутган шүүх гэж байгаа. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын нөлөө байсан эсэхийг шалгаж байсан Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад худал мэдүүлэг өгсөн нь тодорхой болсон /өөрөө хүлээн зөвшөөрсөн/ юм. Гэхдээ Прокуророос Шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтдээ “Хорих ял ногдуулахгүй байх” хүсэлтийг хамтатгасан гэсэн яриа байна. Даваа гаригт Прокурорын газраас Тойргийн шүүх рүү явуулсан яллах дүгнэлтэд дээр өгүүлсэн, М.Т.Флинн Холбооны мөрдөх товчооны агентуудад худал мэдүүлэг өгч байгаа бичлэгийг хавсаргажээ.
Уг бичлэгт тэрээр ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляковтой уулзаагүй, Доминиканд амарч байсан учраас хоригийн талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Төрийн холбооны шугамаар хэрэглэдэг “BlackBerry” гар утас нь ажиллаагүй хэмээн ярьсан байдаг аж.
М.Т.Флинний хэрэгт гарсан энэхүү ахиц дэвшлийн үр дүнд, Ф.Нюленийг АНУ-аас Туркт шилжүүлж өгөх төлөвлөгөө бодож байснаас нэлээд эртнээс эхлэлтэй гэдгийг тогтоож чадсан байна. Санаачлагчид нь “Үнэний аян“, хожим “Итгэлцлийн ажиллагаа” гэж нэрлэсэн уг ажиллагаагаа талуудын хооронд 2016 оны долдугаар сард яригдаж эхэлжээ. Тухайн үед Туркийн эрх баригчид Ф.Гюленийг шилжүүлж өгөхийг Вашингтоноос шаардаж, АНУ-ын Хууль зүйн яам “нэмэлт баримтууд гаргаж ирэхээс нааш шилжүүлж өгөхийг зөвшөөрөхгүй” гэсэн хариу өгсөн байсан үе юм байна. Энэ үед Д.Трамп сонгуулийн сурталчилгаандаа анхаарал хандуулж, Б.Обама Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан үе. Долдугаар сарын 27-нд Алптекинд бичсэн захидалдаа Киан “Бид ямар нэг юм хийхэд бэлэн байна” хэмээн бичиж байсан нь нотлогдсон байдаг аж. Хариуд нь Алптекин “Туркт энэ асуудлаар сайд нартай уулзсан. Буруутгах тогтоол ирэх сард гарна. Надад гэрээний нууцлал, хамрах хүрээ, мөнгөн дүнг авч хэлэлцүүлэх асуудалд ногоон гэрэл ассан” хэмээн бичсэн байдаг аж.
Энэ гэрээ нь 2016 оны зургадугаар сард Алптекиний компани, М.Флинний “Flynn Intel Group” компанийн хооронд байгуулагдсан байна. Гэрээ ёсоор, М.Флинний компани АНУ-ын зарим өндөр албан тушаалтнуудыг лоббидох, Ф.Гюлений эсрэг ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэгт буруутгах, улмаар Туркт шилжүүлж өгөх хэмжээнд хүртэл энэ ажиллагаагаа үргэлжлүүлэх үүрэг хүлээжээ. Тэр сардаа М.Флинн, Алптекин, Киан нар Нью-Йоркт Туркийн өндөр албан тушаалтан нэр бүхий хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааныхаа нарийн шийрийн зүйлсийг ярилцсан байдаг аж. Үүнээс хойш М.Флинний фирм хоёр сарын турш АНУ-ын Конгрессийн нэр бүхий гишүүд, мужийн эрх баригчидтай уулзаж, шүүхээс Ф.Гюленийг буруутгах шийдвэр гаргуулах асуудлаар лобби хийсэн аж. Гэсэн ч тэрээр хүссэндээ хүрч чадаагүйг бид мэдэж байгаа.
Ф.Гюлений талд ажилладаг “Нэгдмэл үнэт зүйлсийн төлөө альянс” гэдэг байгууллага энэ асуудлаар хийсэн мэдэгдэлдээ “Р.Т.Эрдоган хэдий урт гартай байлаа ч АНУ-ын хуулийг зөрчүүлж чадахгүй гэдгийг энэ явдал харуулсан” хэмээн бичсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Ф.Гюленийг “Алан хядах байгууллагын толгойлогч” гэж цоллон, ангуучлахаар тив алгасан ажиллагаа явуулсаар хэдэн жилийг үдэж буй. Тэрээр Ф.Гюленийг 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан хэмээн буруутгадаг бөгөөд толгойлдог террорист байгууллагынх нь гишүүд гэх нэрээр 10 гаруй мянган хүнийг баривчилж, шоронд хориод буй. Ф.Гюлентэй холбоотой дор хаяж 80 хүнийг дэлхийн бусад орноос шилжүүлж авчээ. Гэвч АНУ-д зугтан гарч, Пенсильвани мужид амьдарч байгаа Фетхулла Гюленийг өөрийг нь одоо болтол шилжүүлж авч чадаагүй л байна. Гэсэн ч энэ санаагаа орхихгүй тэмцсээр л. Энэ сарын эхээр Аргентинд болсон “Их 20”-ийн бүлгийн чуулганы үеэр Д.Трамптай уулзахдаа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Ф.Гюленийг шилжүүлж өгөх шаардлагыг тавьсан. Гол дайснаа гартаа оруулах гэсэн Р.Т.Эрдоганы оролдлого одоо ч үргэлжилсээр л байгаагийн нэг баримт энэ буюу.
Эх сурвалж "Eagle.mn"