Алдарт Radiohead хамтлагийн басс гитарчин К.Гринвуд 20 орчим жилийн түүхтэй гэрэл зургийн цуглуулгаа сэтгүүл хэлбэрээр олонд дэлгэв. Уг зургуудаас хамтлагийн тайзны ар дахь амьдралыг тольдож болно. Колин Гринвуд дэлхийн хамгийн алдартай хамтлагуудын нэгд басс хөгжим тоглодог ч өөрийгөө "олны танил хүн" гэж үздэггүй. Нөгөөтэйгөөр тэрбээр саяхан дэлгэсэн “How to Disappear: A Portrait of Radiohead” нэртэй гэрэл зургийн цуглуулгадаа олны нүднээс бүр ч холдсон мэт санагдах.
Уг гарчиг нь Radiohead-ийн 2000 оны дөрөв дэх студийн цомог болох "Kid A" дуунаас үүдэлтэй гэлцдэг. Гринвуд CNN-д ярихдаа "Камераар зураг авах нь бүх зүйл таны өмнө болж байхад ямар нэг зүйлийн ард нуугдах сайхан арга юм" гэж ярьжээ. Улмаар тэр өнгөрсөн 20 орчим жил тайзны ард дарсан гэрэл зургуудаа өөрийн 10 мянган үгтэй эссэн хамтаар "Хэрхэн алга болох вэ?" нэртэй сэтгүүл болгосон нь энэ.
Тэрбээр уг гэрэл зургуудаа хамтлагийнхаа 2003 онд гаргасан зургаа дахь студын цомог болох “Hail to the Thief”-ээс 2016 онд гаргасан “A Moon Shaped Pool” цомог хүртэлх хугацаанд даржээ.
Тус хамтлагийнхан Английн Оксфордшир дахь хөдөө студидээ ажиллаж, цэцэрлэгт амарч, аялж, бэлтгэл хийж байгаа дүрслэлийг олон төрлийн камер дээр буулгажээ. Эдгээр нам гүм, дотно, цуврал гэж хэлж болохуйц дүр төрх нь дараа нь тайзны гэрэл, хамтлагийн хэдэн арван мянган шүтэн бишрэгчдэд тоглож буй нүд гялбам дүр төрхөөр үргэлжилнэ.
Гринвуд коллежоо төгссөнийхөө дараа өөрийн найз, гэрэл зургийн зохиолч, куратор Шарлотт Коттоноор дамжуулан гэрэл зурагт татагдсан. Улмаар зураг дарах нь Гринвудын хувьд ертөнцийн талаарх сониуч зангаа илэрхийлэн гаргах арга болсон.
Түүний гэрэл зурагт автах байдал нь заримдаа хамтлагийн бусад гишүүдийг тавгүйтүүлдэг байсан тухайгаа тэр сэтгүүлд дурджээ. Сэтгүүлдээ тэр "Би тэнд зураг авах гэж байдаггүй. Заримдаа хөгжимчин, гэрэл зурагчны дүрийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Энэ нь тун хэцүү санагддаг" гэж бичжээ. Мөн тэр цаашдаа гэрэл зургаараа дагнах сонирхолтой байгаа гэнэ.
Л.Баяр