Английн Йорк хотод бүлэг хулгайчид ойролцоогоор 31.6 мянган ам.долларын үнэ бүхий 2500 ширхэг бялуу ачсан фургон машиныг хулгайлжээ. "Мишелин од"-той тогооч Томми Бэнкс Даваа гарагт фургон машинд бялуунуудаа ачиж, Йоркийн Зул сарын захад хүргэхэд бэлдэж байх үед уг хэрэг гарчээ.
Томми Бэнкс нь "Мишелин од"-той "The Black Swan" пабын эзэн, мөн Английн хойд хэсэгт хүнсний бизнес эрхэлдэг нэгэн юм. Тэрбээр бялуунуудаа өөрийн нэрийг бичсэн тусгай хайрцагт хийсэн учир хулгайчид зарж, борлуулахад амар байхгүй тухай инстаграм хуудсандаа бичжээ.
Фургон машиныг цагдаа нар олсон бөгөөд хулгайч нар уг машинд хуурамч дугаар хадсан байжээ. Хэдхэн долоо хоногийн өмнө Их Британийн хамгийн алдартай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын нэгээс 24 тонн гаруй гар аргаар бэлтгэсэн бяслагийг хулгайлсан хэрэг гарч байв.
Л.Баяр