Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Төрийн сайд Ханхүү Турки бин Мухаммад Аль-Сауд-ыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн сайдын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон, айлчлалын хүрээнд яригдсан зүйлс эхнээсээ биеллээ олж байгаад баяртай байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мега төслүүдийн талаар танилцуулж, эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Саудын Арабтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Ханхүү Турки бин Мухаммад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоо ихээхэн байгааг онцолж, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.