Алдарт "Харри Поттер" цувралд гардаг Годрик Гриффиндорын илдний хуулбарыг Японд зэвсэгийн тухай хатуу хуулийг зөрчсөн хэмээн эргүүлэн татжээ. Ойролцоогоор 86 см хэмжээтэй уг илдний бүрэн хэмжээний хуулбарыг "Warner Bros. Studio Japan" компани 2023 оны тавдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сарын сүүл хүртэл худалдсан байна.
Гэвч өнгөрсөн 11 дүгээр сард л эрх баригчид уг сэлэм нь жинхэнэ сэлэм гэж хэлж болохуйц "хангалттай хурц" байсан гэж компанид мэдэгджээ. Годрик Гриффиндорын сэлмийн 350 гаруй хуулбар нэг ширхэг нь 30 мянган иен буюу 200 ам.долларын үнээр зарагдсан байсан тухай эх сурвалжууд мэдээлэв.
Уг сэлмийг 2023 онд Токиод нээлтээ хийсэн "Warner Bros Studio Tour Tokyo: The Making of Harry Potter" үзэсгэлэнгийн үеэр худалдаалж байжээ. Энэ нь Ази дахь анхны студийн аялал бөгөөд дэлхийн хамгийн том Харри Поттерын үзвэрийн газарт тооцогдож байна.
Л.Баяр