Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн шөнө гэнэтийн цэргийн онцгой дэглэм тогтоож, олныг алмайруулсан. Энэ байдлаасаа болоод тэр өөрийн намынханы эсэргүүцэлтэй тулгараад байгаа бөгөөд тус улсын сөрөг хүчин удирдагчийг эх орноосоо урвасан хэргээр яллахаар төлөвлөөд байгаа. Мөн түүнийг огцрохыг уриалан тус улсын Үндэсний Ассамблейн гадна иргэд олноор цуглаад байна.
Эсэргүүцэгчид болон улс төрийн хүрээнийхний зүгээс Юныг огцрохыг шаардсан бол 40 орчим хууль тогтоогч Юн Сук Ёлыг огцруулах хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж магадгүй байгаа аж. "Ерөнхийлөгч Юн улс орныг хэвийн удирдаж чадахгүй болсон нь бүх ард түмэнд тодорхой харагдлаа. Тэр огцрох ёстой" гэж тус улсын Ардчилсан намын ахмад гишүүн Пак Чан-Дае хэлжээ.
Юны эрх барьж буй Ардын хүчний нам Засгийн газрын бүрэлдэхүүнээ бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах, Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёныг огцруулахыг шаардах асуудлыг хэлэлцэж байна гэж Ёнхап агентлаг мэдээллээ.
Түүний урд шөнө гаргасан гэнэтийн шийдвэрээс үүдэн тус улсын Үндэсний Ассамблей шөнийн 01:00 цагт хуралдсан байна.
Ийнхүү тухайн шийдвэрийг хүлээн авах эсэх санал хураалтад 190 гишүүн оролцож, 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн онцгой байдал зарласан шийдвэрийг цуцлахыг шаардсан тогтоол гаргажээ. Энэ дагуу Ерөнхийлөгч Юн Сог Ёл Үндэсний Ассамблейн шаардлагыг хүлээн авч, онц байдлыг өглөөний 05:00 цаг орчимд цуцлах шийдвэрийг гаргасан билээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)