БАРИМТ 1
Хөх Чоно овогт Самандын Жавхлан нь 1980 оны хоёрдугаар сарын 21-нд Улаангомд төрсөн.
БАРИМТ 2
Тэрбээр СУИС-ийг төгссөн цагаасаа буюу 2000 оноос Монгол Улс, улмаар нийт Монгол угсаатны дунд танигдсан зохиолын дуучин, улстөрч болжээ.
БАРИМТ 3
Тэр 2009 онд МУГЖ болсон. 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан.
БАРИМТ 4
С.Жавхлан 1980 оны хоёрдугаар сарын 21-нд Монгол улс (БНМАУ)-ын Увс аймгийн төв Улаангом хотод ойрад-дөрвөдийн яст монгол үндэстэн Даржаагийн Самандын хөвүүн болон төржээ.
БАРИМТ 5
Дээрээ нэг ах, хоёр эгч, доороо нэг охин дүүтэй буюу таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь юм.
БАРИМТ 6
Түүний эцэг Даржаагийн Саманд инженер, шүлэг зохиодог хүн байсан бол эх Лхагвын Тогтох нь дунд сургуулийн түүх, газар зүйн багш байв.
БАРИМТ 7
Жавхлан Улаангомын II 10 жилийн дунд сургуулийг дүүргээд 1997 онд 17 настайдаа Улаанбаатарт ирж СУИС-т дуурийн дуучны ангид элсэн сураад 2003 онд бакалавр зэрэгтэй төгсөж мэргэжлийн дуучин болжээ.
БАРИМТ 8
Ахиулан Ардын жүжигчин дуурийн дуучин Г.Хайдав багшийн удирдлага дор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг урлаг судлаачийн мэргэжлээр сурч 2006 онд магистр зэрэг авсан.
БАРИМТ 9
Тэрбээр амьдралдаа хоёр эхнэртэй байсан. Эхнийх Г.Долгормаа. Удаах нь "Шуранхай" хамтлагийн гишүүн, СТА Г.Эрдэнэчимэг билээ. Хосууд 2023 оны эхээр тус тусын замыг хөөсөн.
БАРИМТ 10
Оюутан С.Жавхлан нэг сургууль, нэг ангийн Т.Баясгалантай хослон дуулж уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн. Тэд 2000 онд Мөнхрөх ч биш дээ хоёулаа, Хонгорхон үр минь гэх хоёр дуугаараа анх монгол түмэн олонд танигдсан. 2001 оны Насны хайр дуу нь монголчуудын дунд алдаршуулжээ.
БАРИМТ 11
Тэрбээр 2000 оноос өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж, 2000-2003 онд МУГЖ Т.Баясгалантай хамтран дуулдаг байв.
БАРИМТ 12
Үзэгч сонсогчид Жавхлан Баясгалан хоёрыг хослон дуулсаар гэрлэх байх гэж хардаг байсан ч эсрэг эргэж 2003 оноос хамт дуулахаа ч больжээ. Жавхлан тэд амрагийн харьцаатай байгаагүйг батлаж "Баясгалан миний найзтай үерхдэг байсан" гэж хэлсэн.
БАРИМТ 13
С.Жавхлан 2007 онд "Торгоны зам" компанийн захирал Гантөмөрийн охин, Ховдын уугуул, Германд эмчийн мэргэжил эзэмшиж ирсэн Долгормаатай нийлсэн ч жилийн дараа салав. Амьдрах хэв маяг зөрөлдсөн гэдэг. Охин Юм-Агь нь эх дээрээ үлджээ.
БАРИМТ 14
2010 онд Архангайн Булган сумын уугуул, уртын дууны "Шуранхай" хамтлагийн дуучин (1984 онд төрсөн) Гантөгсийн Эрдэнэчимэгтэй гэрлэж, эхнэрээ хотоос хөдөө аваачин араг түшүүлэн төрүүлж олныг цочирдуулсан. Тэнд төрсөн охин нь Үжингүнж гэдэг нэртэй бол түүний дүү охин Өдрийнцолмон 2011 онд мэндэлжээ.
БАРИМТ 15
Монголсог С.Жавхлангийн гэр бүл европ хувцаснаас татгалзаж, байнга дээл өмсдөг болсон.
БАРИМТ 16
ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан нарын алдартай дуучид С.Жавхлангийн “Хамаг Монгол” төслийг 2013 онд 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.
БАРИМТ 17
Эдгээр уран бүтээлчдийг дуучин С.Жавхлан урьсан бөгөөд тэрбээр “Цагаан сарыг зөвхөн Монгол Улс тэмдэглэх бус Монгол туургатан даяараа тэмдэглэх учиртай юм байна. Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе иржээ. Тиймээс энэ төсөл нь Хамаг Монгол туургатнаараа галаа бадраах зорилготой юм. Энэ ёслолыг зохион байгуулснаар газар шороо эх орон минь хүрээгээ тэлэх учиртай. Төслийн гал тахих ажиллагаа ирэх сард болох бөгөөд энэ оны турш Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор тойрон аялж гал бадраах ёслол хийхээр зэхэж байна” гэж ярьжээ. Тэд эрт цагт Монгол зан заншил ямар байсан тэр бүгдийг хамтран сэргээхээр зорьж ажилласан.
БАРИМТ 18
Монгол туургатанд гал бадраах ёслол болох “Хамаг Монгол” төслийн хаалт 2013 оны есдүгээр сарын 28-нд Чингисийн талбайд болсон. Төслийн хаалтын ёслолд 250 гаруй уран бүтээлчид ирж оролцсон бөгөөд эдгээрээс Халимаг, Тува, Өвөрмонголоос нийт 120 зочин хүрэлцэн иржээ.
БАРИМТ 19
Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Харанга хамтлагийн Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн Амармандах, Номинталст хамтлагийн Дэлгэрмөрөн, Халимагийн дуучин Шараан Бадамхаалга, Чингис Раднаев, Машбатын Баясгалан, Монгуш Сайдаш, Халимаг бүжигчид, Тува бүжигчид,Буриадын байгал чуулгын бүжигчид, ҮДБЭЧ – ын уртын дуучид болон СУИС - ийн уртын дууч, морин хуурч нийлсэн 99 уртын дууч, 33 морин хуурчид зэрэг олон олон уран бүтээлчид оролцов.
БАРИМТ 20
Тэрбээр «Харин ...» (2004), «Хүүгийн бодол» (2005), «Исгэрээ» (2006), «Самандын Жавхлан» (2006), «Би Монгол хүн» (2006), «Чононгоо» (2007), «Надаас чамд» (2008), «Хайрын талст» (2008), «Өмөлзөж харамлах нутаг» (2010), «Гал Дуудсан Монгол Аялгуу» (2012), «Нутгаа санасан Монгол», Хамаг монгол (2014), Манай Монгол Мандана (2019) зэрэг 13 цомогтой.
БАРИМТ 21
Тэрбээр өөрийн шүлгээр бүтээсэн 21 дуутай.
БАРИМТ 22
2001-2015 оны хооронд өөрийн уран бүтээлийн орлогоос гэр оронгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, хараагүй иргэд, мөн хүнд өвчтэй, хорт хавдартай, хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай зэрэг нийт 250 гаруй хүнд туслажээ.
БАРИМТ 23
2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж 3.8 хувь санал авсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог, Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж 11.36 хувь (4251 хүн) санал авчээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн 54-р тойрог Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар УИХ гишүүн болов. 2020 оны тавдугаар сард Ардчилсан Намд элсэж, УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог Увс аймагт тус намаас нэр дэвшиж өвдөг шороодсон. 2024 оны УИХ-ын сонгуульд Бүгд найрамдах намаас Ховд, Увс, Говь-Алтай, Завхан буюу хоёрдугаар тойргоос нэр дэвшсэн.
БАРИМТ 24
2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Халимагийн Ерөнхийлөгч Бату Хасиковын зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланд Халимагийн Гавьяат жүжигчин цол олгосон. Ингэснээр Самандын Жавхлан нь Монгол, Тува, Буриад, Халимаг улсын Гавьяат жүжигчин болсон юм.