Х.Нямбаатар хот доторх анхны хурдны замыг бүтээн байгуулсан, тэр хурдны замынхаа хоёр талд томоохон худалдааны төвүүдийг гаргаж чадсан анхны хотын дарга болох уу?
Амьдрал хэцүү байна, амжиргаагаа залгуулахад хүнд байна. Тийм шүү, амьдрахад хүнд байна. Ялангуяа Улаанбаатарт. Ядаж байхад хотын дарга Х.Нямбаатар шорвог шийдвэр гаргаад л горьгүй биз? Өвөл нь угаартаж, зун нь живж, зам дээр нь стресстэж үхчих гээд л. Бараа бүтээгдэхүүний үнэ гэж ярилтгүй. Ардын амь зуулгын хэдэн төгрөгийг ёстой л ховх сорно доо. Гэлээ гээд ийм байдалтайгаа эвлэрээд л байгаад байх уу? Зарим нэг өөрчлөлтийг хүлээж аваад үзэх хэрэгтэй биш үү, цөхөрсөн л иргэдийн аргаа барахдаа хэлж байгаа үг юм. "За, чи хийгээд үз дээ" гэх.
Нийгэмд тулгамдсан асуудлын нэгдүгээрт эрэмбэлэгдэх нь утаа, түгжрэл. Үүнийг бууруулахын төлөө хууль хүртэл баталсан. Энэ хүрээндээ газар чөлөөлж яндан цөөлөх гэж ч үзэж байгаа, метро, дүүжин тээвэртэй болохоор хэдэн их наядаар нь цацаж байгаа. Тэгвэл монголчууд, тэр дундаа нийслэлчүүд хотдоо хурдны замтай болж, салхи татуулан давхих цаг 2-хон жилийн дараа тохиох бололтой. Харин хурдны зам барилаа, метро барилаа гээд түгжрэл тийм ч амар шийдэгдэхгүй нь гарцаагүй. Тиймээс замын түгжрэлийг бууруулах эдгээр алхмын суурь нь зах худалдааны төвүүдийг нүүлгэх юм байх. Өчнөөн их наядар тоологдох ажил хийх гэтэл худалдаа эрхлэгчид нэмээд өчнөөн саяар нь нэхээд нүүхгүй бол энэ асуудал ахиад л "мөрөөдөл" болоод өөр нэг даргын ширээн дээр очих нь лавтайяа.
Тодруулбал, Туулын хурдны замын зүүн хэсэгт “Да хүрээ авто худалдааны төв”, баруун хэсэгт “Нарантуул худалдааны төв”-ийг байрлуулахаар төлөвлөж байгаа гэх.
Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл хот доторх анхны хурдны замаараа давхиад Нарантуул орох өдөр ирэх юм болов уу?
Ямартай ч хотын даргын хэлж буйгаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна гэж байгаа. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжрахаас гадна Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарчээ.
20 орчим жил хөдлөөгүй ажлын эзэд
Зах худалдааны төвүүдийг нүүлгэх асуудлыг удирдлагууд 20 орчим жил ярьж, үеэс үед "яриа" хэвээр өвлүүлэн үлдээж өнөөдрийг хүрчээ. Тэртээ 2007 онд л тухайн үеийн нийслэлийн захирагч Ц.Батбаяр энэ талаар хөндөж, ажил хэрэг бололгүй намжсан байдаг. Үүний дараа 2012 онд дахин "нүүлгэх мөрөөдөл амилсан" ч тусыг ололгүй тэгэсгээд нам гүм болжээ. 2016 онд гэхэл нийслэлийн Засаг дарга асан С.Батболд ийш тийшээ захуудыг шилжүүлэх зүйл ярьж л байв. Дараагаар нь С.Амарсайхан хотын дарга байхдаа эл асуудлыг сөхөж, ажлын хэсэг хүртэл байгуулсан ч амжилтад хүрээгүй замхарсан. Улмаар 2022 онд Д.Сумъяабазар нийслэлийн захирагч байх үедээ хотын баруун зах буюу Сонгинохайрхан дүүрэгт 28 га газрыг төлөвлөж захуудыг байршуулна хэмээж байсан ч үйл хэрэг бүтэмжгүй болох нь лавтай болсон.
Ийнхүү одоогийн Хотын дарга Х.Нямбаатар үгийг үйлдэл болгож, үе үеийн хотын дарга нарын мөрөөдлийг бодит болгож, төвлөрснийг тарааж, хамгийн гол нь худалдаа эрхлэгч нарын ганхашгүй хэмээн мэдэгдсэн байр суурийг ганхуулан Нарантуул, Да хүрээг хурдны замынхаа хоёр талд гаргаж чадах эсэхийг харах л үлдэж байна.
Сэтгэгдэл (8)