Боловсролын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д “Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ” хэмээн заасны дагуу Монгол Улс хоёр дахь удаагийн “PISA” үнэлгээнд хамрагдахаар бэлтгэж байна.
“PISA” үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/ 2000 оноос эхлэн гурван жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхийн 90 гаруй орон хамрагддаг учраас олон улсын томоохон үнэлгээний нэгт зүй ёсоор тооцогддог. Энэхүү үнэлгээ нь ерөнхий боловсролын 15 настай сурагчид эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар түвшинд олгож байгааг илрүүлдгээрээ онцлогтой юм.
Тус судалгаанд бэлтгэх хүрээнд туршилтын судалгааг 2024 оны 4-5 дугаар сард зохион байгуулсан бөгөөд нийт 32 сургуулийн 2513 сурагч даалгавар гүйцэтгэж, асуулга бөглөн, мөн тооны эцэг эх, 154 багш, 32 сургуулийн захирал, сургалтын менежер асуулга судалгаанд хамрагдсан.
Харин үндсэн судалгаанд 190 орчим сургууль, 7500 орчим сурагч түүврээр сонгогдох бөгөөд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв болон бусад харьяа байгууллага 2025 оны 3-5 дугаар сарын хооронд судалгааг хамтран зохион байгуулна.
Сэтгэгдэл (3)