БНСУ-ын “Nice Information Service” мэдээллийн аюулгүй байдал, банк, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарт бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлдэг технологийн үйлчилгээний компани мөн Солонгосын хамгийн шилдэг их сургуулиудын нэг Korea University (KU) төлөөлөгчид “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Тус уулзалтаар “NIS” компани нь олон улсын хэмжээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг санал болгож, хэрэглэгчдэд зориулсан дэвшилтэт технологийн шийдлүүдийг хэрэгжүүлдэг хэдий ч одоогийн байдлаар манай улсад нэвтэрсэн төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia систем шиг платформ хараахан хөгжүүлж эхлээгүй байгаа тул E-Mongolia системийн хөгжүүлэлт, амжилттай туршлага, цахим үйлчилгээний давуу талуудыг Өмнөд Солонгосын төлөөлөгчид судалж, өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар санал солилцож туршлага хуримтлуулав.
Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын удирдлагууд болон Korea University (KU) Бизнесийн сургуулийн профессор Changki Kim /Ph.d/, “Nice Information Service” технологийн үйлчилгээний компанийн менежер Jun Yong JANG, Koo Cheol Moon, Lee Hun нар бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.
Энэхүү уулзалт нь Монгол Улс болон Өмнөд Солонгосын компаниудын хооронд технологийн харилцаа, туршлага солилцох өргөн боломжуудыг нээх томоохон шинэчлэлт бөгөөд төлөөлөгчид дахин Монгол Улсад айлчлахдаа E-Mongolia системтэй холбоотой туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.