Духны хөлс асгартал сайхан шөл хийж идмээр үе хүн бүхэнд л байдаг шүү дээ. Тэгвэл гарын доорх хүнсний бүтээгдэхүүн ашиглан ганцхан цагийн дотор амтат борш шөл хийх жорыг та бүхэндээ танилцуулж байна.
Борш шөлөнд та бидний өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд орно. Хүнсний ногоонуудыг хүйтэн усанд сайтар угааж хальслаад аль болох урт нарийн хэрчинэ. Нарийн хэрчих тусам шөл маань хурдан болно. Харин өөхгүй үхрийн цул махыг үмхэх хэмжээтэй хэрчиж хүйтэн усанд хийж давслаад чанаж эхлэнэ. Битүү чанагчинд ч чанаж болно. 40 минутаас 1 цаг чанаарай. Шөлний дээр тунасан тос, цусыг шүүж авна.
Ингээд тогоонд хэрчсэн хүрэн манжинг хийж дээрээс нь давс, 4 хоолны халбага ургамлын тос хийж 5 минут орчим хууна. Хүсвэл 1 хоолны халбага цагаан цуу хийж улам сайхан амт нэмээрэй.
Дараа нь 1 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага томатны сүмс хийж зөөлөн гал дээр хуурна. Хайруулын тавганд маслыг хийж хайлуулаад жижиглэн хэрчсэн сонгиныг хийж 3-5 минут хуурна.
- Дараа нь хэрчсэн лууванг хийнэ.
- Лууванг зөөлөртөл 5 минут орчим хуураарай.
- Төмсийг хэрчиж буцлаж буй шөлөндөө хийнэ. Төмс нь хатуу ногоо бөгөөд арай удаан болдог тул халуун шөлөнд түрүүлж хийж буцалгаарай.
- Байцааг мөн адил урт нарийн хэрчинэ.
- Төмсийг шөлөнд хийж 10-12 минут буцалсны дараа бусад хэрчсэн ногоонуудаа хийнэ.
- Ингээд 10 минут орчим буцалгах ба энэ хугацаанд бүх ногоо маань зөөлөрч болох болно. Ингээд давс, хар перц, лаврын навс болон өөрийн дуртай амтлагчаараа амтлаарай.
- Шөл буцлаж эхэлмэгц жижиглэн хэрчсэн сармис, яншуйг хийж 1 минут орчим буцалгаад галаас гаргаарай.
- Ингээд шөлийг аягалаж 1 хоолны халбага шинэхэн зөөхий болон цөцгийг хийж талхтай хачирлан идэхэд бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.