Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн "Хөтөлбөр, арга хэмжээний 2024 оны төсвийн хуваарилалтыг батлах тухай" А/14 дүгээр тушаалын хавсралтын 2.2.2-т "Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим контент, дижитал сурах бичгийн цахим систем нэвтрүүлэх"-ээр баталсан.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад Унгар улсын "MOZAIK KIADO KFT" XXК шалгарч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлээд байгаа. Хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 100 сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлэн, Mozaik education системд оруулсан бөгөөд интерактив 3D контент, видео контент, зураг, аудио, 170 гаруй хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэж байна.
Мөн сурах бичгийн системийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг энэ дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод танхимаар зохион байгуулж байна. Сургалтад БЕГ, БСҮХ, БМТТ-ийн Мэдлэ сургуулийн мэргэжилтнүүд, 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл тус бүр нэг багш, нийт 60 оролцогч хамрагдана.