Дэлхий даяар Ковид-19 цар тахлын халдвар авсан хүний тоо 99.7 сая болоод байна. Их Британид цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгад хүрч, АНУ-д 400 мянга гаруй хүн нас баржээ.
Гэхдээ цар тахлын халдвар авсан ч эдгэрч эрүүл болсон хүний тоо ч чамлахааргүй олон. Дэлхий нийтийг хөл хорионд оруулж, олон сая хүний амь насыг авч одсон энэ аймшигт цар тахлын халдвар авч өвчилсөн, эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах уу, эсвэл дархлаа тогтдог юм болов уу?
АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нд Ковид-19 өвчний халдвар авсан нь тогтоогдож эмчилгээ хийлгэсэн. Тэрээр эмчилгээ хийлгэснийхээ дараа өөрийгөө уг өвчний эсрэг дархлаа тогтсон гэж мэдэгдэж байв. Ерөнхийлөгч асан Доналд Трамп Твиттерт “Цагаан ордны эмч нар намайг эдгэрсэн гэсэн онош тавьж, бүгд гарын үсэг зурлаа. Энэ нь би Ковид-19-ыг хэнд ч халдааж, хэнээс ч халдвар авахгүй дархлаатай боллоо. Мэдэхэд тун таатай !!!” гэж жиргэсэн. Ерөнхийлөгч асанг ингэж жиргэсний дараа Твийттерээс түүний жиргээг “олон нийтийг төөрөгдүүлж болзошгүй, хор уршигтай мэдээлэл тараасан” хэмээн үзсэн юм.
Хэрэв та шинэ коронавирусын халдвар аваад эдгэрвэл дархлаа тогтох уу?
ДЭМБ-аас Ковид-19-ын халдвар авсан хүмүүсийн ихэнх нь хөнгөн өвдөж, эдгэрч байгаа гэж мэдээлсэн. Харин USA Today-д нийтлэгдсэнээр бол Ковид-19-ийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр гэжээ. Зарим хүмүүсийн биед уг вирусын эсрэг биет удаан тогтох боломжгүй гэж нэмжээ. Нөгөө талд Ковид-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүүхдүүдэд энэ вирусын эсрэг богино хугацааны дархлаа үүсдэг гэж үзсэн эрдэмтэд ч байна. “Баттай бус ч гэлээ Ковид-19-ийг үүсгэдэг өвөрмөц төрлийн коронавирусын эсрэг богино хугацааны дархлаа бий болох магадлалтай” гэж Техасын Анагаах Ухааны их сургуулийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн профессор Питер Юнг хэлжээ.
Тэгвэл АНУ-д шинэ коронавирусын халдвар 2 удаа авсан 25 настай залууг олж тогтоосон байна. Халдвар авсан залуу 2020 оны 4 дүгээр сард эхний халдварын шинжилгээгээр эерэг гарсан ч хөнгөн шинж тэмдэг илэрч байсан бол 5 дугаар сард эмчилгээ хылгэснийхээ дараа дахин шинжилгээ өгөхдөө мөн эерэг гарч, өмнөхөөсөө илүү хүнд шинж тэмдгүүдтэй байжээ. Судлаачид тухайн залуугийн жишээн дээр 2 дахь халдвар нь вирусын генетикийн хувьд ялгаатай омгийн халдвар байсан гэдгийг тогтоосон аж.
Цар тахал анх гарч байхад эдгэрсэн хүмүүс вирусын халдвар авахаас илүүтэй дахин өвдөх магадлалтай гэж үзэж байсан. Цар тахлын хүрээ нэмэгдэж, судалгаа илүү хийгдэх тусам хөнгөн өвдсөн хүмүүс хэдэн өдөр, хэдэн долоо хоногийн дараа авсан хоолойн арчдасаар вирусын халдвартай гэж гарч байсан нь дахин халдвар авах эрсдлээс илүү ахин дахин өвчлөх магадлал өндөр гэсэн дүгнэлтэнд хүргэж байлаа.
Дархлаа тогтох эсэхийг бататгахад цаг хугацаа шаардлагатай
Цар тахлын анхны тохиолдлоос хойш 1 жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа ч Ковид-19-ийн дархлааны хариу урвал хэрхэн явагдах талаар ойлголт бүрэн дүүрэн тодроогүй, хариу урвал яаж явагдаад байгааг тодорхойлж чадаагүй л байна.
"MERS-CoV-ийн халдвартай өвчтөнүүд эдгэрснийхээ дараахан дахин халдвар авах магадлал багатай боловч Ковид-19-тэй өвчтөнүүдэд үүнтэй ижил төстэй дархлааны хамгаалалт ажиглагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна”гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн эрдэмтэн судлаачид хэлсэн нь бий. ДЭМБ-аас ч мөн адил өвчлөөд эдгэрсэн хүмүүст вирусын дараагийн халдвараас дархлаа үүсдэг эсэхийг үнэлж чадаагүй, энэ талаар бүрэн дүүрэн мэдэхийн тулд илүү нарийн судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа гэж мэдэгдсэн. Тиймээс Ковид-19 цар тахлын халдвар аваад эдгэрсэн ч Эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөе.