Тайландын шүүх арав гаруй хүнийг хордуулан хөнөөсөн хэрэгт буруутгагдсан эмэгтэйд цаазын ял оноосон нь үндэстнийг шуугиулсан цуврал аллагын хэргийн анхны шийдвэр болов.
Сарарат Рангсивутапорн өнгөрсөн жил найзынхаа амийг хөнөөсөн бөгөөд хохирогчийн хоолонд цианид хийж, дараа нь түүний 4400 гаруй ам.долларын эд хөрөнгийг хулгайлсан гэж Бангкокийн шүүхийн лхагва гарагт гаргасан шийдвэрийн хураангуй мэдээлэлд дурджээ.
Мөрийтэй тоглоомонд түүний өрөө төлөхийн тулд хүн амины хэрэг, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж гурван цаг үргэлжилсэн шүүх хурлын үеэр шүүгч мэдэгдсэн байна.
Сарарат өнгөрсөн тавдугаар сард найз Сирипорн Ханвонгийнхоо үхэлд сэжигтнээр татагдсан. Сирипорныг нас барахаас өмнө тэр хамт байсан нь камерын бичлэгт үлдсэн учир хамгийн эхний сэжигтэн байв. Сирипорны задлан шинжилгээгээр түүний хоол боловсруулах системд цианидын ул мөр илэрсэн бөгөөд энэ нь нас барахаасаа өмнө Сарараттай хамт идэж, ууж байсан хоолноос нь мөн илэрчээ.
Түүнчлэн түүний хуучин нөхөр, цагдаагийн хурандаа Витун Рангсивутапорныг гэмт хэрэгт холбогдсон нотлох баримтыг устгасан гэх үндэслэлээр нэг жил, дөрвөн сарын хорих ял оноож, албанаас нь халсан байна. Дээрх хэргээс гадна түүнд холбогдох 12 хүн амины хэрэг байгаа гэнэ шүү. Тайланд улс хамгийн сүүлд 2019 онд Их Британийн хоёр үүргэвчтэй аялагчийг хөнөөсөн хэргийн эзэнд үхлийн тариа хийж байв.
Л.Баяр