Өнөөдөр өвлийн тэргүүн сарын билгийн 25. "Зулын 25"-ны Их дүйчин өдөр тохиож байна.
Богд Зонхова олон зохиол үзүүлсний нэг нь 1419 оны Өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр нирваан дүр үзүүлсэн явдал аж. Богд Зонхова анх төрөл болгооход бурхан бүгдийн энэрэхүй сэтгэлийн мөн чанар болсон Жанрайсаг бурхан, бурхан бүгдийн билиг оюуны мөн чанар болсон Манзушир бурхан, бурхан бүгдийн хүч чадлын бэлгэдэл болсон Очирваань бурхан гэсэн язгуурын гурван бурхан нэгэн хүний дүрээр заларсан дээдэс гэж үздэг байна.
Улмаар, Богд Зонхова лам номыг сонсоод, сонссоноо өөрт анхааран авч эрхшээн, бусдын сайн сайхан, олон амьтан, шашин амьтны төлөө өдөр шөнө ялгалгүй хичээж, хамаг бүхнээ зориулсан зохиолуудыг үзүүлсэн аж. Ингэж олон амьтны ач тусыг үзүүлэхийн тухайтад өөрийн болгоосон болгоолт, олон дамжлага, увдис бүгдийг эмхтгэн 18 боть номыг туурвиж, хойч үедээ дамжуулан үлдээснийг шарын шашны урсгал гэж олон мэргэдүүд судлан, ач тусыг нь хүртэж ирсэн байна. Ингэж олон зохиол үзүүлсний дотор хүн энэ биеийг олоод, оюунаа улам хөгжүүлж, гэгээрэхийн төлөө явбал ямар түвшинд хүрч болохыг нийтийн буюу судрын ёс, нийтийн бус буюу нууц тарнийн нарийн ёс, бясалгалын зэрэг бүгдийг хослуулан, анхааран авч, завсрын төрөл авалгүй бурханы лагшин биеийг болгоосон зохиолыг энэ өдөр үзүүлжээ.
Энэ өдөр маани уншихад олон дахин үржих, сэтгэл, үг, үйлдлээ сайжруулья гэж жаахан зүтгэл гаргахад зорьж буй эрдэм өөрт амархан төрөх өдөр болж хувирсан аж.
Мөн энэ өдөр Зулын 25 гэж бэлгэшээж байгаа нь зул өргөх юм. Зул өргөхөд голыг нь ороох, тосоо цутгах гэх зэргээр хичээл зүтгэл, шамдал олон бэлгэдэл шингэсэн байдгаар ач тус ихтэй аж. Тосон зул биш гэхэд, гэрлэн зулыг өргөх ч тустай гэдэг. Мөн маани, өөрийн мэддэг тарни, бүр илүүтэй Мигзэм сайн уншвал өнөөдөр илүү их ач тустай гэнэ.