Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой" гэж байлаа.
1955 оны Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрт тусгагдсан гурван улсын төмөр замыг холбох ажлыг 2010 оноос хойш хийсэн ч өнөөдрийг хүртэл холбож чадаагүй байна. Тодруулбал, 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг 2022 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан ч БНХАУ-ын нарийн царигтай төмөр замтай холболт хийж чадалгүй гацсан. Цариг зөрсөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг яаралтай холбохоор хоёр тал харилцан ярилцсаны дүнд тохиролцоонд хүрч, хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурснаар 10 гаруй жил хүлээгдсэн төмөр замын холболтын бүтээн байгуулалт эхлэхээр болсон хэрэг.
Түүнчлэн Монгол Улсын ЭЗХЯ, ЗТХЯ болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хооронд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын Ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Ингэснээр Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшилсан гэж хэлж болно.
Харин Ханги-Мандал чиглэлийн 226.9 км урттай төмөр замыг хувийн компани найман сарын хугацаанд барьж, 2022 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан. Гэвч Хятадын талаас өмнө нь тавьсан гурван төмөр замаа холбосны дараа Ханги-Мандалын төмөр замыг холбох нөхцөл тавьж байжээ. Тиймээс өмнөх замуудаа холбох ажлыг урагшлуулах, ялангуяа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох асуудлыг энэ жилдээ шийдэж, ирэх жил бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа тухай Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга ярьсан байна.
Цариг зөрсөн төмөр замуудыг уулзуулснаар...
Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төсөл 2024 онд эхэлж, 2028 онд дуусна. Нийт хөрөнгө оруулалт 957.6 тэрбум төгрөг. 2025 онд 95.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
Гарах үр дүн:
-
Экспортын хүчин чадал 40 сая.тн хүртэл нэмэгдэнэ. (Гашуунсухайт-Ганцмод 20 сая.тн, Ханги-Мандал 10 сая.тн, Шивээхүрэн-Сэхээ 10 сая.тн)
-
Экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.