Дэлхийд газрын тосны хамгийн том нөөцтэй, нэгэн үе Латин Америкийн хамгийн баян чинээлэг орон байсан Венесуэль Улс эдийн засгийн гүн хямралд орсноос хойш зөвхөн бартер болон ам.доллараар үйлчилдэг болоод байна.
Тус улсын үндэсний валют боливар нь хэт инфляцийн улмаас үнэгүй цаас болсон юм. Хүн төрөлхтний түүхэнд тохиолдож байсан хамгийн том 58 хэт инфляцийг судалсан Жон Хопкинсийн их сургуулийн хэрэглээний эдийн засгийн профессор Стив Ханке үргэлжилсэн хугацаагаараа Венесуэлийн инфляцийг эхнээсээ дөрөвт явж байна гэж дүгнэжээ. Тэрбээр түүхэнд хамгийн урт үргэлжилсэн хэт инфляц нь 30-аад жилийн өмнө Никарагуад таван жил орчим үргэлжилсэн хэт инфляф байсан. Венесуэль Улсад 2016 оны сүүлчээс хэт инфляц эхэлсэн. Хэзээ дуусахыг мэдэхгүй байна гэжээ.
Цахилгаан эрчим хүчний тасалдлаас өмнө нь ихэвчлэн Каракасын иргэд дэбит кард, онлайн банк, заримдаа крипто валютыг ашиглаж бэлэн бусаар төлбөр тооцоо хийдэг байжээ.
Харин эрчим хүчний тасалдал цахим төлбөрийг боломжгүй болгосноос болж одоо зөвхөн бартер болон гадаад валютаар бүх худалдаа наймаагаа хийдэг болсон юм. Гадаад валютын гол эх үүсвэр нь хилийн чанадад дүрвэсэн Венесуэлийн иргэдийн ар гэртээ илгээдэг мөнгө юм байна.
Стив Ханке “Хэт инфляц үндсэндээ хоёр тохиолдолд л зогсдог. Нэг бол улс төрийн шинэчлэл хийсний дараа мөнгөний бодлогоо шинэчлэх. Үгүй бол улс төрийн дэглэмээ хэвээр хадгалаад мөнгөний бодлогоо шинэчлэх” гэж ярьсан байна. Нэг үгээр хэлбэл Мадуро, Гуайдо нарын хэн нь ч засгийн эрхийг авсан мөнгөний бодлогын шинэчлэл зайлшгүй ажээ.