Хиймэл оюун ухааны салбарт өөрийн нэрээ сийлсэн Японы эрдэмтэн Мшигуро Ишигурогоор ахлуулсан судалгааны багийнхан робот бурхан бүтээжээ. Уг робот бурханыг Япон Улсын эртний нийслэл, одоогийн хоёр дахь том хот Киото хотод байрлах 400 жилийн настай Кодайжи хийдэд”залсан” байна. Жилд 53 сая жуулчин хүлээж авдаг тус хот ийнхүү робот бурхантай болсноороо дэлхийн хамгийн анхны робот бурхантай хот болж буй юм.
Японы шашины төв хэмээгддэг Киото нь “залсан” уг бурхныг “Миндар” гэх бөгөөд Майдар бурхныг төлөөлүүлж бүтээжээ. 195 см өндөр, 60 килограм жинтэй 3D роботыг Осакагийн Их сургуулийн Робот хөгжүүлэлтийн тэнхимийн эрхлэгч, профессор Хироши Ишигурогоор удирдуулсан эрдэмтдийн баг бүтээсэн юм.
Хөнгөн цагаан болон силиконоор хийсэн, эр эм хүйсийн харьцааг тэнцүүлсэн дүр төрх бүхий робот бурхныг шинэ эрин үеийн хүүхэд залууст орчин үеийн хөгжил дэвшлээр дамжуулан мартагдаж буй зан заншил, Буддын шашны сургаал номлолыг түгээн дэлгэрүүлж, таниулан сурталчлах зорилгоор бүтээжээ.
Ойролцоогоор сая орчим ам.долларын өртөгтэй уг бүтээл нь ярьж байхдаа их бие, толгой, нүд, гараа хөдөлгөдөг байна. Мөн Буддын шашны лам нарын нэгэн адил маань хөгжөөж, хонх дамар дугаргаж, хоёр алгаа хавсран залбирч чадахаас гадна Бурхан багшийн “Билгүүний зүрхэн судар” номыг айлдах 25 минутын програмтай аж.
Төслийн багийн гишүүн Осакагийн их сургуулийн эрдэмтэн Кохэй Огава “Билгүүний зүрхэн судар" гэх энэ номыг уншихад хэн ч цаад гүн ухааны сургаал номлолыг нь ойлгодоггүй. Лам нар робот шиг цээжилсэн текстээ шүлэг шиг уншчихдаг учир чанарын ялгаа бараг байхгүй” гэжээ.
Харин сүсэгтнүүд Миндар роботын судрын цаад утга санаа, философийг тайлбарлуулахыг хүсвэл англи, япон, хятад хэлээр бэлтгэсэн орчуулгаар гарган үзүүлэх програм мөн суурилуулсан байна. Төслийн багийнхан энэ сарын 8-ныг хүртэл робот бурханыг олон нийтэд танилцуулахыг хүссэн боловч ард иргэдийн хүсэлтээр ирэх тавдугаар сар хүртэл сүмд ном “айлдуулахаар” болжээ.
Г.Нацаг