Хойд солонгосын тэргүүн 30 гаруйхан настай залуу дэлхийн томоохон улс болох АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай уулзах асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар. Тэдний уулзалт хаана товлогдох, боломжит хувилбарууд өнөөг хүртэл хөвөрсөөр байна. Сүүлийн үеийн мэдээллээр хоёр улсын тэргүүнүүдийн уулзалт хийх хамгийн тохиромжтой газраар Монгол, Сингапур нэрлэгдэж байгаа. Гэвч алийг нь сонгох нь таамаг төдий. Үүнээс гадна нэгэн сонирхол татсан мэдээлэл байгаа нь Тайланд улс дээрх хоёр эрхмийн уулзалтыг зохион байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Тус улсын Гадаад харилцааны сайд Дон Праму Двинай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Тайланд улс энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад бэлэн. Бид уулзалтыг зохион байгуулах бүрэн боломжтой” гэж хэлжээ. Гэхдээ Бангкок дахь АНУ-ын ЭСЯ дээрх мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Трампын хийсэн мэдэгдлээс харвал дээд хэмжээний уулзалтыг таван газрын аль нэгэнд нь хийхээр холбогдох албаны хүмүүс ярилцаж байна гэжээ. Гэхдээ уулзалт зохион байгуулагдах боломжит газрын нэрийг тодорхой дурдаагүй юм. Ерөнхийдөө улс төрийн хүрээнийхний хийж буй мэдэгдэл, таамаглалаар хэд хэдэн газар нэрлэгдэж байгаагийн нэг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар. Учир нь, цэрэг дайны ямар нэгэн нөлөөллөөс хол, амар тайван гэдэг утгаараа.
Хэвлэл мэдээллийн зүгээс ч уг асуудалд анхаарлаа хандуулж, тохиромжтой байршлуудыг санал болгож эхэлсэн. элдэв янзын таамаг уралдсан энэ үед "Блүүмберг”-ийн зүгээс Монголын Улаанбаатар, Швейцарийн Женев, Финландын Хельсинки, Сингапур, Шведийн Стокгольм, Норвегийн Осло, Чехийн Праг болон Польшийн Варшав зэрэг хотуудыг нэрлэжээ.
Ямартай ч олон таамаг уралдаж байна. Тунасан хоёр хот хэмээх мэдээлэлд Монгол, Сингапурыг нэрлэсэн байгаа. Үүн дээр нэмэгдэж Тайланд орж ирлээ. Гэхдээ их гүрний төрийн тэргүүн, хойдчуудын удирдагч нар хаана уулзаж, хэрхэн ярилцахаа сонгох биз. Эцсийн дүндээ уулзалт болох газрын нэр удирдагч нарын таашаалаас хамаарах нь гарцаагүй.