УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит “Идэр оюуны ундраа” тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.
ҮНДЭСЛЭЛ
Дэлхий нийт мэдлэгт суурилсан эдийн засагт эрчимтэй шилжиж байгаа энэ цагт улс орнууд ирээдүйн хөгжлийн суурь нь шинжлэх ухаан, технологи гэдгийг тодорхойлж, энэ салбарт оруулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсээр байна. Харин Монгол Улсын хувьд байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарт суралцах оюутны тоо сүүлийн жилүүдэд буурч байгаа нь 1990-ээд оны өмнөх үеэс ч багассан үзүүлэлт юм. Түүнчлэн шинжлэх ухааныг дэмжих, санхүүжүүлэх төрийн бодлого ч суларч байна.
Тиймээс шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, залуу үеийн оролцоо, сонирхлыг нэмэгдүүлэх нь чухал бөгөөд энэ салбарт суралцагсдын бүтээлч үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Мөн шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдлыг онцлон авч үзэж, оюунлаг залуу үеийн боловсролыг дэмжих нь мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход онцгой ач холбогдолтой юм.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
УИХ-ын гишүүн А.Ундраа нь “Идэр оюуны ундраа” тэтгэлгээр дамжуулан байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарт суралцагч оюутнуудад бодитой дэмжлэг үзүүлж, тэдний бүтээлч үйл ажиллагааг урамшуулах, цаашлаад шинжлэх ухааны салбарын үнэ цэнийг сурталчлан таниулах замаар тус чиглэлээр сонгон суралцахын ач холбогдлыг таниулах, уриалах зорилготой.
ХАМРАХ ХҮРЭЭ
Монгол Улсын Их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн байгалийн ухаан, инженер техникийн салбарын бакалаврын 3, 4 дүгээр түвшний суралцагч
Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага:
- Монгол Улсын Их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн байгалийн ухаан (Хими, Биологи, Математик, Физик)-ы хөтөлбөр, инженер техникийн салбарт суралцаж буй бакалаврын 3, 4 дүгээр түвшний идэвхтэй төлвийн суралцагч байх,
- Эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвх санаачилгатай оролцдог байх,
- Тэтгэлгийн хэрэгжилтийн явцын болон эцсийн тайланг хэлэлцүүлэх, үр дүнг хүлээлгэн өгөх
Тэтгэлэгт хамрагдах оюутны тоо: Амжилттай суралцаж буй бакалаврын түвшний 10 оюутан
Тэтгэлгийн хэмжээ: 1,000,000 төгрөг (оюутан тус бүрд)
Тэтгэлгийн үргэлжлэх хугацаа: 1 жил
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт (хавсаргасан маягтын дагуу)-2 хувь Татах
- “Миний суралцаж буй мэргэжил – Монголын ирээдүй” эссэ /тэтгэлэгт өрсөлдөх шалтгаан, таны ойрын зорилтын талаар/
- Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны тодорхойлолт – 2 хувь
- Харьяа тэнхимийн эрхлэгч эсхүл тэргүүлэх профессорын тодорхойлолт
- Судалгаа, шинжилгээний ажилд оролцсон, ЭШХ-д илтгэл тавьсан бол амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар
- Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө
Эссэ бичлэгт тавигдах шаардлага:
- Эссэг 800 үгэнд багтаан А4 форматтай цаасны 2-3 хуудсанд бичсэн байна.
- Эссэ нь дараах хэсгүүдтэй байна. Үүнд: сэдвийн нэр, зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг, удиртгал, үндсэн тайлбар, баримт нотолгоо, дэвшүүлсэн өөрийн санаа, дүгнэлт, эш татсан ном, зохиолын нэрс,
- Бичиглэл нь зөвхөн “Arial” эсвэл “Times New Roman” фонд, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай 1.5 pl байна. Эссэг цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон найруулгын алдаагүй бичиж хэвлэсэн байна.
- Эссэг хуудасны дээд, доод, баруун талаас 2.5 см; зүүн талаас 3.0 см зайг үлдээж бичнэ. Эссэ бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй.
- Эссэний төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг хавсаргах ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Эссэнд ишлэл авсан номын нэр, хуудасны дугаарыг бичихдээ текст дунд хаалтад бичнэ.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг цаасаар МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн газарт хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Хүлээн авах газар: МУИС-ийн БОХТ байр, 306 тоот өрөө
Холбоо барих утас: 976-959294; 7730-7730-1514, и-мэйл: enkhtaivan_ts@num.edu.mn
Санамж:
- Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
- Материалыг буцаан олгохгүй
УИХ гишүүн А.Ундраагийн ажлын алба