Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай золгож, нэг нас нэмсний баяр. Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ахан дүүсээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах зэрэг олон уламжлалт ёс заншлыг хадгалсан үндэсний баяр билээ.
Монголчуудын шинэ жил нь хаврын тэргүүн сар бөгөөд цагаан идээний зүйл “цагаа” гэдгээс “Цагаан сар” гэдэг нэр үүсчээ. Малчин ардуудын аж ахуйн хэрэгцээ, шаардлагаар шинэ жилийг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэх болсон төдийгүй энэ нь мал сүрэгт халгаатай хатуу ширүүн, шуургатай өвөл өнгөрч, урин дулаан цаг ирлээ гэдгийг бэлгэддэг ажээ.
Монголчууд шинэ жилийн баяраа намар цагт тэмдэглэж “Хувь сар буюу Цагаан сар” гэж нэрлэж заншсан тухай түүхийн сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. XIII зууны эхэн улаагчин туулай жилийн цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан биеэ ариутган шинэ хувцас өмсөж, тэнгэр газарт ёсолж, Өүлэн эхдээ мөргөн золгож, дараа нь төрийн их ордондоо залран анхилам үнэртэй арц хүжийг багцаар шатаан, зуун түшмэл гурвантаа мөргөн их ёслол үйлджээ. 1216 оны хулгана жилийн сар шинийн нэгэнд улсын сан хөмрөгөөс мянган лан алт, түмэн лан цагаан алт гаргаж, харьяат улсын 60-аас дээш настай хүмүүст хувь хүртээж, цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгож, хаврын урь орж, өлзий учралт бар сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж, Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харьяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж, Чингис хааны амгаланг эрдэг ёсон тогтсон байна.
Улмаар 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзэлсний дараа хаврын тэргүүн бар сарыг монгол тооллын тэргүүн сар хэмээн тогтоосон тухай Рашид Ад Дин тэмдэглэжээ.
Мөн Хубилай хааны ордонд олон жил суусан Италийн жуулчин Марко Поло монголчуудын Цагаан сарын баярын тухай тэмдэглэхдээ: “Энэ өдөр хээ угалзтай тохош нөмөргөж, алт мөнгөөр чимэглэсэн гоё сайхан авдар сав ачсан заанууд болон бэлэг сэлт бүхий зүйлийг ачсан тэмээн жин хааны ордонд хүрэлцэн ирж, баяр ёслол үйлдэж, бэлэг сэлт барьсны дараа найрын ширээ засч, бүх хүн найрлаж цэнгэнэ. Хоол унд барьж дууссаны дараа илбэчин, бүжигчин ирж, ордныхныг цэнгээн хөгжүүлэх ажээ. Баяр ёслолын үеэр их хаадын өмнө сургуультай арслан авчрах бөгөөд тэр нь эзнээ таньсан ноход мэт хааны хөлд цагираглан хэвтээд өгнө” хэмээн бичсэн байдаг.
Улс төрийн бутралын үе, Манжийн ноёрхолын үе, Шашин төрийг хослон барьсан Богд хаант Монгол Улсын үе зэрэг түүхэн цаг үеүдэд Монголчууд цагаан сарын баярыг тэмдэглэсээр иржээ. 1921 оны Ардын хувьсгалаар БНМАУлсаа тунхаглаж, Үндсэн хуулиа батлан, тусгаар тогтнолоо сэргээсэн цаг үед Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ардын их хурлын тогтоол шийдвэрүүд гарч, мөн тэрхүү тогтоол шийдвэрээсээ буцаж уламжлалт цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол шийдвэр гаргаж байжээ.
Үндэсний төв архивын сан хөмрөгт “цагаан сарын тухай” тусгайлсан хөмрөг байхгүй боловч “Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэх сайдын яам”, “Их хүрээний Зурхайн дацан”, “Олон яамны хэргийг бүгд ерөнхийлөн захирах яам”, “Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам”, “Их хүрээний Зурхайн дацан”, “Сайд нарын Зөвлөл”, “Ардын их хурлын тэргүүлэгчдийн газар”-ын сан хөмрөгийн жагсаалтыг үзвэл, монголчуудын цаг тооллын бичиг, цагаан сарын баярт холбогдох баримт, гэрэл зураг цөөнгүй байна.
31 оны 1 сарын 25 наа /1941.01.25/
Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 8 дугаар хурлын тогтоол
Нэг: Монголын хуучин цагаан сар гэгч болбоос хуучин феодалын засгийг хүндэтгэсэн ёслолын өдөр мөн болох тул, түүнийг устгаж эл амралтын нэг өдрийг европын 1 сарын 1-ний өдөр лугаа хамтатган нэгэнт амарч өнгөрүүлсэн болох тул, дахин чирэгдэл гаргаж, цагаан сарын нэгний өдөр хэмээн өнжих явдалгүй албан ажлыг хэвээр үргэлжлүүлэн явуулваас зохих учрыг нийт албан яамд ба, аж үйлдвэрийн газрууд, ард нийтэд зарлан мэдэгдэхээр хэлэлцэн тогтов.
Улсын Бага хурлын дарга Бумцэнд
Орлогч дарга Ёндон
Тэргүүлэгч бөгөөд нарийн бичгийн дарга Баяр
Тэргүүлэгч Дашзэвэг
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоол
Утга нь: Монголын цагаан сарын шинийн нэгний өдрийг амралтын өдөр болгох тухай
Улсын бага хурлын тэргүүлэгчдээс ТОГТООХ нь
Нэг. Монголын хуучин улирлын цагаан сарын шинийн нэгний өдөр бол Монголын ард түмний шинэлэх баярын өдөр болох тул жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өдрийг амралтын өдөр болгон тогтоож явуулсугай.
Үүнд. жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өдрийг амралтын өдөр болгосон учир Хөдөлмөрийн хуулийн 65 дугаар зүйлийг доор дурьдсан өгүүлбэртэйгээр өөрчлөн бичих, Үүнд: 65 дугаар зүйл. 7 хоног тутмын амралтын өдрүүдээс гадна доор дурьдсан өдрүүдэд үл ажиллах нь:
-
Нэг сарын 22 “В.И.Лениний төрсөн өдөр”
-
“Монголын цагаан сарын шинийн нэгний өдөр”
-
Таван сарын 1 ба 2 “Эв хамтын интернационалын өдөр”
-
Зургаадугаар сарын 30 “БНМАУ-ын Үндсэн хуулийн өдөр”
-
Долоон сарын 11 “БНМАУ-ын үндсэний тусгаар тогтносон ойн баярын өдөр”
6. Арван нэгэн сарын 7 ба 8 “Аугаа их Октябрийн нийгэм журмын хувьсгалын баярын өдөр”
хэмээн өөрчлөн найруулахаас гадна мөн зүйлийн 1 ба 2 дахь ангийг хэвээр үлдээсүгэй.
Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Бумцэнд
Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Баяр