“The Jam” рок хамтлагийн бөмбөрчин Рик Баклер даваа гарагт өвчний улмаас 69 насандаа таалал төгсчээ. Баклер 1970-аад оны сүүлчээр панк болон шинэ давалгааны эрин үед басс гитарчин Брюс Фокстон, гоцлол дуучин, гитарчин Пол Веллер нартай хамт хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байсан.
Их Британийн шилдэг 40 синглд 18 дараалан шалгарсан тус хамтлагийнхан Town Called Malice, Going Underground, Down in the Tube Station at Midnight зэрэг дуугаараа алдартай. Баклер хамтлагийнхаа In the City (1977), All Mod Cons (1978), Sound Affects (1980) зэрэг зургаан студийн цомогт хамтарсан.
Хамтлагийн гитарчин Пол Веллер өөрийн инстаграм хуудсандаа “Рик нас барсанд би цочирдож, харамсаж байна. Уокингийн Стэнли Роуд дахь унтлагын өрөөндөө бэлтгэл хийж байсан сайхан цагийг би эргэн санаж байна. Бид мөрөөдлөөсөө хол явсан. Бидний хийсэн зүйл цаг хугацааны шалгуурыг давсан. Бүх гэр бүл, найз нөхөддөө гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.
Л.Баяр