Pfizer, Moderna, AstraZeneca компанийн үйлдвэрлэсэн вакциныг Монгол Улсын эмийн үйлдвэрт өчигдөр бүртгэсэн тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн. Энэ хүрээнд коронавирусний ээлжийн вакцин энэ улиралд багтан орж ирэх юм. Ингээд дэлхий нийтэд найдвар төрүүлж буй тэргүүлэх гурван вакцины талаарх мэдээллийг хүргэе.
АНУ-ын Pfizer компани бүтээж буй вакцинаа 95 хувийн үр дүнтэй гэж зарласан. Сүүлийн үеийн сайн мэдээ гэвэл Их Британи болон Африкийн орноор тархаад байгаа мутацид орсон вирусний эсрэг үр дүнтэй байгаа талаар судалгаа гараад буй.
Мөн урьдчилсан тооцооллоор вакцинжуулалтад хамрагдсан 100 хүн бүрийн 95-д нь тогтвортой дархлаа үүсч байна гэсэн судалгааны үр дүн бий. Pfizer-ийн вакциныг цельсийн -75 хэмд хадгалах шаардлагатай бөгөөд вакциныг гэсгээснээс хойш хөргөгчинд тавхан хоног хадгалах боломжтой.
Pfizer компанийн вакцины нэг тун 20 ам.долларын үнэтэй байна.
Харин АНУ-д үйлдвэрлэж буй хоёр дахь вакцин Модернагийн вакцины хувьд вирусээс 94.5 хувь хамгаална гэсэн судалгааны дүн гарсан. Тус вакцины туршилтад 30 мянган сайн дурынхан оролцож таван хувьд нь жинхэнэ вакцин хийж туршихад хүндээр өвчилсөн тохиолдол ганц ч гараагүй нь сайн үр дүнтэй байгаа. Ингэхдээ Pfizer компани бүтээж буй вакциныг бодвол илүү уян хатан бөгөөд цельсийн -20 хэмд буюу гэрийн хөлдөөгчнийхтэй ижил хэмд хадгалах боломжтой гэж мэдээлсэн. Вакциныг гэсгээснээс хойш 30 хүртэлх хоног хадгалах юм.
“Moderna” компанийн “mRNA-1273” вакцины нэг тун 15-25 ам.долларын үнэтэй.
Moderna-гийн вакцины 100 микрогамм хэмжээтэй хоёр тунг 28 хоногийн зайтай хийх бол Pfizer-ийн вакцины хувьд 30 микрограмм хэмжээтэй хоёр тунг 21 хоногийн дараа тарина. Pfizer компанийн вакциныг 16-аас дээш насныханд зөвшөөрсөн бол Moderna-гийн вакциныг 18-аас дээш насныханд зөвшөөрөөд буй. Pfizer компанийн вакцинын хувьд нэг сул тал нь харшилтай хүнд хийхийг хориглосон.
Түүнчлэн дэлхий нийтэд цар тахлыг эдгээх өндөр найдлага төрүүлж буй гурав дахь вакцин бол Их Британи улсын AstraZeneca компанийн бүтээж буй вакцин болж байна.
Үнийн хувьд вакцины нэг тун 2.5 ам.доллар буюу АНУ-д бүтээж байгаа хоёр вакцинаас хямд байна.
Тус вакциныг ердийн тасалгааны температурт буюу цельсийн нэмэх 2-8 хэмд зургаан сар хүртэл хадгалах горимтой.
Оны өмнө “AstraZeneca” компани Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран бүтээсэн “AZD1222” вакцинаа ОХУ-ын “Sputnik V” вакцинтай хослуулан турших эмнэлзүйн судалгааны хөтөлбөрийг эхлүүлэхээр болсон талаар мэдээлсэн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (8)