Дэлхий даяар олон зуун сургуулиудад зочилж олон зуун мянган хүүхдийг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалсан Грета Тунберг Нобелийн энх тайваны шагналд нэр дэвшжээ.
Түүний өрнүүлсэн хөдөлгөөний нэг хэсэг болох #FridaysForFuture хөдөлгөөн нь өнөөдөр болох аж. Энэ өдөр дэлхий даяар хэдэн зуун мянган хүүхдүүд хичээл хаялт хийж нэгэн зэрэг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд уриалсан жагсаал хийх юм. Тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дэлхийн 100 орчим орон түүний энэ хөдөлгөөнд нэгдээд байгааг мэдэгдсэн байна.
Түүнийг 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр насны хүүхдээр “Time” сэтгүүл тодруулсан байдаг. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулаг уулзалтын үеэр үг хэлэхдээ хууль тогтоогчид болон Засгийн газруудыг цаг уурын өөрчлөлтын асуудалд хойрго хандаж буйг шүүмжилсэн. Үүний дараа өнгөрсөн нэгдүгээр сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр дэлхийн удирдагчдад хандан “Өөрсдийн гэрээ шатаж байна гээд төсөөлөөд үз. Үүнтэй адил эх дэлхий үгүй болж байна” гэж хэлээд, танхимыг таг дуугүй болгож байсан аж. Грета Тунберг нь Швед Улсын иргэн бөгөөд өсвөр насныхныг дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг уриалсан кампанит ажлаараа олонд танигдсан юм. Өдгөө 16 настай түүний талаар Шведийн парламентын төлөөлөгч Фредди Аустегард “Цаг уурын өөрчлөлтийн аюул заналхийлэл бол дайнаас илүүтэй дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал юм. Грета Тунбергийн өрнүүлсэн хөдөлгөөн нь дэлхийн энх тайванд асар их хувь нэмэр оруулсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Иймд өөр хоёр хууль тогтоогчийн хамтаар түүнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг өгсөн” гэжээ.
Грета Тунберг “The Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр “Би өөрчлөлтийн дөнгөж эхлэлийг л харж байна. Миний бодлоор залуу үе хамгийн түрүүнд сэтгэхүйн өөрчлөлт хийж, ирээдүйнхээ төлөө тэмцэх болно” гэсэн байна.
НҮБ-ын тайланд дурдсанаар ойрын ирээдүйд дэлхийн агаарын дундаж хэм цельсийн 1.5 хэмээр нэмэгдэх юм. Мөн эрдэмтэдийн тооцоолсноор хүлэмжийн хийн ялгарлын өнөөгийн байдал 2030 оны эхэн үе хүртэл үргэлжлэх аж.