-
2017 оны 5 сарын 11
Ирэх зургаадугаар сард болох “Жэй Си Ай 2017” (АСПАК) Ази Номхон далайн чуулганаар дэлхийн 40 гаруй улсаас 3000 орчим бизнес эрхлэгч залуу Монгол Улсад уулзах гэж байна. Чуулга уулзалтын талаарх мэдээллийг БСШУС-ын дэд сайд Е.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан өнөөдөр хэвлэлийнхэнд өглөө.
Энэхүү уулзалт нь нийт зочдын тоогоороо Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дараа орох томоохон арга хэмжээ бөгөөд зохион байгуулалтын хувьд шинэлэг “Бизнес аялал” (MICE) хэлбэрээр болох юм байна. Япон, Солонгос, Тайван, Малайз зэрэг 40 гаруй орны залуу бизнесмэнүүд уг арга хэмжээнд ирэхдээ “Жэй Си Ай” байгууллагын хурал, арга хэмжээнд оролцонгоо Монгол Улсын бизнес эрхлэгч залуустай болон бизнесийн орчинтой танилцах, манай улсын нийслэл, соёл зан заншлыг сонирхож, хөдөө орон нутгийн үзэсгэлэнт байгалиар аялах болно гэдгийг холбогдох албаныхан онцоллоо. Мөн уг арга хэмжээний зохион байгуулалт хоёр жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд “Жэй Си Ай Монгол” байгууллагын салбар байгууллага бүрээс томилогдсон 200 орчим гишүүн идэвхтэй ажилласаар байгаа аж. “Жэй Си Ай 2017” (АСПАК) арга хэмжээний үеэр олон тооны зочдыг нэг цаг үед Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулж байгаа учир Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААН, албан байгууллага, хувь хүмүүстэй бүх талаар хамтарч ажиллаж байна. Одоогийн байдлаар МИАТ, “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Скайтель”, “MSC”, “Голомт банк”, “Говь” ХК зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгж болон 40 орчим зочид буудал, 70 гаруй ресторантай хамтран ажиллахаар тохиролцож, 200 гаруй сайн дурынхантай хамтран ажиллах гэнэ. Энэхүү үйл ажиллагаа нь хэдийгээр олон улсын томоохон арга хэмжээ боловч төр засгийн төсвөөс мөнгөн хэлбэрээр дэмжлэг авдаггүй, иргэдийн амьдралын хэв маягт бүсчилж хөдөлгөөн хорих, зам хаах зэрэг асуудал үүсгэхгүй учраас зохион байгуулагчдын зүгээс ард иргэддээ нийт ирж буй зочдод найрсаг хандахыг уриалав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 11
Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн төвд биеэ үнэлж байсан дөрвөн эмэгтэйг цагдаа нар илрүүлсэн байна.
-
2017 оны 5 сарын 11
Хүүхэд багачуудад монгол ахуй, малчдын аж амьдралыг харуулах зорилготой ”Балдан гуайнхаар ороод гараарай” гэр үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.
-
2017 оны 5 сарын 11
“Борн фильм” студийн удаахь уран бүтээл болох “Залуу нас” уран сайхны кино маргааш нээлтээ хийх гэж байна.
-
2017 оны 5 сарын 11
Сүүлийн 5 жилийн /2012-2016 оны/ зам тээврийн ослын статистик судалгаанаас үзэхэд хурднаас шалтгаалсан ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338 буюу 76,5% нь орон нутагт үйлдэгдсэн байна.
-
2017 оны 5 сарын 11
Төрийн байгууллагууд энэ өдрүүдэд ажлаа иргэдэд нээлттэй танилцуулж, ”Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.
-
2017 оны 5 сарын 11
Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэн Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Монгол, Австрийн улс төрийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр талын харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын чиглэлээр баяжуулан бэхжүүлэхийг зорьж буйгаа Элчин сайд Г.Баттунгалаг илэрхийлж, Австрийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов.
Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх өргөн боломж, бололцоо бий гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Александер Ван Дэр Беллэн илэрхийлэв.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчид хооронд шууд түншлэлийг тогтоох нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чухал болохыг талууд онцолж, энэ чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахаар болов.
Монгол Улс Австри Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгч 2014 онд Австри Улсад албан ёсоор айлчилж байжээ.
-
2017 оны 5 сарын 11
Иргэний нисэхийн ерөнхий газар 2017 оны нэгдүгээр улирлын ажлын тайлангаа статистик тоон үзүүлэлт болгон буулгажээ.
-
2017 оны 5 сарын 11
Спортын төв ордны дэргэдэх аркад 30 настай иргэн хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2017 оны 5 сарын 11
ХҮН, АН-ын гишүүн байсан ”Хера Холдинг” ХХК-ы захирал Х.Ганхуяг өчигдөр МАН-д элсчээ.
-
2017 оны 5 сарын 11
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан.
-
2017 оны 5 сарын 11
Монгол Улсын үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш, профессорууд Төрийн ордонд чуулж байна. “1000 цагаан нөмрөгтөн” чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ.
Тэрээр,
Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албыг чадавхижуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байх зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэх, эмнэлгийн үйл ажиллагааг нээлттэй, иргэд хяналт тавих боломжтой болгох, иргэн эмнэлгээ, эмчээ сонгодог болоход эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүдээс өндөр үүрэг хариуцлага шаарддаг болсон өнөө үед Засгийн газар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр шуурхай ажиллаж байна. Тухайлбал, “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай”, “Донорын тухай” хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулсны зэрэгцээ “Эрүүл мэндийг дэмжих сан”-г сэргээж, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Элэг бүтэн Монгол” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг батлан, хэрэгжүүлж эхэллээ.
Бид эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан байсан 16 тэрбум төгрөгийн өрийг барагдуулснаар эрүүл мэндийн салбар 2016 онд анх удаа өргүй хамт олон болсон. Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийг хийснээр түргэн тусламжийн автомашингүй байсан 159 сумын эрүүл мэндийн төвийг автомашинаар хангалаа.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмчилгээнд шаардагдах 10 нэр төрлийн эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь дааж үнэгүй олгосон, хүүхдээ гэрээр асрах эцэг эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн зэрэг нь эмнэлгийн ачааллыг бууруулж, өвчний тархалтыг хязгаарлахад үр дүнтэй арга хэмжээ болсон.
Мөн эрхтэн шилжүүлэн суулгах зардал, цусны хавдартай иргэдийн эмийн зардлыг төрөөс хариуцаж, элэгний В, С вирүсийн халдварыг илрүүлэх шинжилгээ болон эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гемодиализ эмчилгээ хийлгэж чадахгүй байсан иргэдэд тусламжийг бүрэн үзүүлдэг боллоо.
Эрүүл мэндийн салбарын царцаагдсан барилгууд, тухайлбал Түлэнхийн төв, Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилга, Дундговь, Дорноговь, Говь-Алтай аймгийн 50 ортой төрөх эмнэлэг зэрэг эмнэлгийн барилгуудын санхүүжилтийг мөн шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан дээрх бүх шийдвэрүүд нь иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлээд зогсохгүй, эмч эмнэлгийн мэргэжилтэн та бүхний ажлын ачааллыг багасгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай үзүүлэх боломж бүрдүүлсэн, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлсэн, эрүүл мэндийн эрсдэлийн улмаас гадаад улс орнууд руу урсах мөнгөний урсгалыг бууруулсан, шинэ технологи, инновацийг нэвтрүүлж нутагшуулсан чухал үйл ажиллагаа болсон юм.
Бид “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хууль”-ийг шинээр, “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж батлуулахаар ажиллаж байна.
Цаашид эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байнгын бэлэн байдлыг хангах, санхүү хөрөнгө, хүний нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн мэргэжилтнийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх, сургалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, эрүүл мэндийн ажилтны цалин, урамшуулал, албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын ачаалал, гүйцэтгэл, хариуцлага, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний төрөл, онцлогтой уялдуулах, хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно.
Монголын ард түмний итгэлийг дааж, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, ур чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Та бүхнээсээ хүсч байна.
Ингээд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нүд цавчихгүй зогсож байгаа Монголын цагаан нөмрөгт баатрууд Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг дахин хүсч, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 11
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.05.11) хуралдаж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Монгол Улсын Их Хурал 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байгаа юм. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон ба уг үзэл баримтлалд нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Үргэлжлүүлэн тэрбээр хуулийн төслөөр оруулах өөрчлөлтийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан 6 аргачлалд эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөл, олон улсын гэрээ соёрхон батлах, дипломат харилцаа тогтоох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулахад хамаарахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан, Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улс тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр боловсруулахаар тусгайлан үүрэг хүлээсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр тухайн хуулийг шинэчлэн найруулах, эсхүл өөрчлөлт оруулах, хүчингүй болгох санал дүгнэлт гарсан асуудлаар хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал хамаарахгүй байх зохицуулалтыг 12.3 дахь хэсэг болгон нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан гэлээ.
Хоёрдугаарт, хуульд заасан аргачлалын дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэнтэй холбоотой баримт материалыг (тайлан, санал дүгнэлт) аль шатанд, хаана баримтжуулж хавсаргаж ирүүлэх талаар хуульд зохицуулаагүй нь дээрх аргачлалын дагуу холбогдох үе шатанд хийсэн судалгаа, үнэлгээ, зардлын тооцоог баримтжуулж хянах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхэд хүргэж байна хэмээн үзсэн байна. Үүнийг арилгах үүднээс хуулийн төсөлд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлуулахаар хүргүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцсон, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн талаархи судалгаа, үнэлгээний тайланг, харин хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар ирүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцсон судалгаа, үнэлгээний тайланг тус тус хамтад нь ирүүлж байх зохицуулалтыг нэмж тусгасан аж.
Гуравдугаарт, тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлж болохоор байсныг өөрчилж, хууль санаачлах эрх бүхий 3 субъектийн аль нь ч санаачилж болохоор хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан. Хуулийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл нь аливаа нэг зохицуулалтыг дуусгах үр дагавартай тул Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн төрлөөс хасаж, хуулийн төслийн төрөлд бие даасан төрөл болгон хамааруулахаар тусгасан байна. Тавдугаарт, хуульд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг хийх хугацаа 1 жил байсныг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд, шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болох зохицуулалтыг тусгасан болохыг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар илтгэлдээ дурдав. Мөн тэрбээр төслийн талаар олон нийтээс санал авах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өөрийн болон УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулснаас гадна мэргэжлийн байгууллага, ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгийн үед гарсан зарим саналыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн хуулийн төсөлд Засгийн газар, УИХ-ын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллага тодорхой санал ирүүлснийг судлан үзэж төсөлд тусгасан гэлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ч Хууль тогтоомжийн тухай хууль өөрчлөлт оруулах шаардлага бий хэмээн үзэж буйгаа илэрхийлээд ингэснээр хууль санаачлах эрх бүхий гурван субьектэд ямар давуу нөхцөл байдал бүрдэх талаар тодруулж, төсөл санаачлагчаас хариулт авсан юм. Хууль тогтоомж нь нийтэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, нэг мөр ойлголттой байх зарчмуудыг баримталж байгаа гэж үзэж байгаа хэдий ч Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон олон улсын гэрээтэй холбоотой асуудлууд дээр өндөр шалгуур, шаардлага тавих нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлсэн.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 11
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй уулзсаны дараа энэ сарын 18-19-нд болох байсан чуулганыг хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
ОУВС-ын Захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр хуралдаж Монгол Улсыг хөтөлбөртөө хамруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрээ гаргана. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар ямар асуудал ярих, эдийн засгийн ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой болох юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед эдийн засгаа улстөржилтгүйгээр ярих нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзсэнийг сайд Ж.Мөнхбат хэллээ.
Манай улс жил бүр чуулган хийдэг ч эдийн засгийн өсөлт унасаар ирсэн. Иймээс өмнөх чуулгануудаас гаргаж байсан зөвлөмжийг ажил хэрэг болгох чиглэлээр ямар ажил хийснийг дүгнэж цэгнэх, энэ жилийнх бодитой үр дүнтэй байх ёстой гэж Ерөнхий сайд чиглэл өгсөн байна.
Энэ дагуу чуулганыг зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхний долоо хоногт багтаан зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нэмэгдүүлэх, Макро эдийн засгаа сайжруулах гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 11
Монгол-Хятадын Найрамдал сургууль Хятад хэлний баяраа тэмдэглэлээ. Хятад хэлний баярын хүрээнд урлаг соёлын болоод сурагчдын бүтээлийг дэлгэсэн байсан юм. Энэ баярын арга хэмжээг фото сурвалжлагаар хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 11
Сэрэмжлүүлэг: “Цэнхэр халим” тоглоомд манай улсаас хийх хандалд нэмэгдэж байна
-
2017 оны 5 сарын 11
Сурагчдад тус бүр нь 3000 юаны тэтгэлэг гардууллаа
-
2017 оны 5 сарын 11
УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
-
2017 оны 5 сарын 11
Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд ирэх мягмар гаригт буюу энэ сарын 15-нд
-
2017 оны 5 сарын 11
УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.