УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал бөгөөд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн энэ жил Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй. Ийнхүү уншигч та бүхэн уг айлчлалын эргэн тойронд болж буй мэдээллийг тоймлон хүргэж байна.
НЭГ. БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэв
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй албан ёсны уулзалт хийлээ. Энэ үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол, Солонгосын улс төрийн итгэлцэл, харилцааны эрх зүйн үндэс батжин бэхжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтвортой үргэлжилж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгааг нотолж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн салбарын хүрээнд БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр Үндэсний Ассамблейн зүгээс анхаарч, дэмжиж ажиллана гэв.
ХОЁР. “Их Хуралдай” танхимтай танилцав
Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимтай танилцлаа. Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 1992-2024 он хүртэлх хугацаанд бүрдсэн найман удаагийн парламент 76 гишүүнтэйгээр уг танхимд хуралдаж байсныг тэмдэглэсэн. Мөн 2024 онд болсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд улс төрийн таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент байгуулагдсаныг тодотгов.
ГУРАВ. “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Айлчлалын хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээсэн "Их хааны өргөө" дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов.
Мөн Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Хүннүгийн археологийн судалгаанд томоохон дэвшил гаргажээ. Тухайлбал, хамтарсан судалгааны баг Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас Хүннүгийн хаадын зуны ордныг илрүүлсэн байна.
ДӨРӨВ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
ТАВ. “Хамтын ойн төгөл”-д мод тарив
Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан “Хамтын ойн төгөл”-д мод тарив.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн ерөнхий газар хооронд анх 1998 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цөлжилттэй тэмцэх, шар шороон шуургаас сэргийлэх, байгаль хамгаалалд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд 12.9 га талбайд байгуулсан “Хамтын ойн төгөл” төгөлд нийт 21 төрлийн 10.000 гаруй мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ.
Монгол Улсад хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн айлчлал маргааш өндөрлөнө.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)